“Авьяас” хөтөлбөрийн шилдгүүд тайлангаа тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР"Авьяас" хөтөлбөрт аймгийн хэмжээнд гурван жилийн хугацаанд 5 чиглэлээр 15 мянга гаруй хүүхэд хамрагджээ. Тэд 5 дугаар сарын 3-ны өдөр олон нийтэд өөрсдийн сурсан мэдсэн зүйлсээ тайлагнасан байна.
Хөтөлбөрийн хаалтын арга хэмжээнд хөдөлгөөнт тэнцвэр, урлаг, хэл өгүүлэхүйд суралцсан 1000 гаруй сурагч, логик сэтгэлгээний дугуйланд хичээллэсэн 800 сурагч оролцсон бол нисэх загварын клубын 200 гаруй хүүхэд оролцсон аж. Мөн өдөр аймгийн Баганат талбайд нийтдээ 3000 шахам хүүхэд байсан бөгөөд тэдний багш, эцэг эх цугласан томоохон арга хэмжээ болжээ.
"Авьяас" хөтөлбөрийн хүрээнд хичээллэсэн 28 төрлийн дугуйлангийн уралдаант тэмцээнийг өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-ээс энэ оны 5 дугаар сарын 1-нийг хүртэл зохион явуулсан байна. 12 мянга гаруй сурагч оролцож ур чадвараараа уралдуулсан тус арга хэмжээнээс шалгарсан шилдгүүд өчигдөр ийнхүү олон нийтэд тайлагнасан юм.
Сонирхуулахад, Монголын Үндэсний Олимпийн хорооноос Спорт олимпизмын хөдөлгөөнийг сурталчлах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, Засаг дарга Д.Жаргалсайхан нарыг Монголын Үндэсний Олимпийн хорооны дээд шагнал "Олимпийн алдар" одонгоор шагнажээ.
Шагналыг аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга С.Батсүрэн хүүхдийн "Авьяас" хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний үеэр гардуулсан байна.
Б.Мөнхзул