Францад халдвар өнгөрсөн оны сүүлчээр илэрсэн байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-05-06 11:44:31

ПАРИС. /BBC/. Францад коронавирусний халдварын анхны тохиолдол өмнө нь мэдээлж байсанчлан нэгдүгээр сарын сүүлчээр бус 12 дугаар сарын сүүлчээр илэрсэн байж магадгүй байна.


Эрчимт эмчилгээний тасагт нь 12 дугаар сарын 27-нд хэвтсэн өвчтөнд хоёр дахь удаагаа шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илэрсэн гэж Жан-Вердьегийн нэрэмжит эмнэлгийн дарга Ив Коэн BBC телевизийн "Newsday" хөтөлбөрт оролцохдоо мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, өвчтөн 12 дугаар сарын 14-22-ны хооронд халдвар авсан бөгөөд шинж тэмдэг халдвар авснаас 5-14 хоногийн дараа илэрч болно. Амируш Аммар гэдэг нэртэй өвчтөн хуурай ханиалгах, өндөр халуунтай, амьсгал давчидсан шинж тэмдэгтэй эмнэлэгт хүргэгджээ. Эдгээр шинж тэмдэг нь коронавирусний халдварын гол шинж тэмдэг болох нь сүүлд тогтоогдсон билээ. Энэ үйл явдал ДЭМБ-ын Хятад дахь салбар Уханьд үл мэдэгдэх төрлийн уушгины хатгалгаа өвчин гарсан талаар мэдэгдэхээс дөрөв хоногийн өмнө болжээ. 


Жан-Вердье эмнэлгийн өвчтөн эмнэлэгт хэвтэхээсээ өмнө хилийн чандад зорчоогүй, мөн гадаадаас ирсэн хүмүүстэй уулзаагүй байна. Коэн эмчийн хэлснээр, түүний хүүхдүүд бас халдвар авсан бөгөөд харин эхнэрт нь шинж тэмдэг илрээгүй байна. Гэхдээ түүний эхнэр Парис хотын Шарль де Голлийн нэрэмжит нисэх онгоцны буудлын ойролцоо байдаг супермаркетад ажилладаг бөгөөд Хятадаас ирсэн жуулчидтай харьцсан байж магадгүй гэдгийг эмч тэмдэглэжээ. "Өвчтөний эхнэр шинж тэмдэггүй өвчилсөн байж магадгүй гэж бид бодож байна" гэж эмч хэлсэн байна


Коэн эмч бусад вирус судлаачдад хандан 12 дугаар сараас нэгдүгээр сарын хооронд уушигны хатгалгаа туссан өвчтөнүүдэд коронавирус байгаа эсэхийг дахин шалгахыг уриалсан байна.


Франц улс нь халдвар эрт илэрсэн тухай ярьж буй цорын ганц улс биш юм. Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын Калифорни муж улсад хоёрдугаар сард нас барсан өвчтөнүүдэд задлан шинжилгээ хийхэд коронавирус халдвартай байсан нь тогтоогдсон. Тэд АНУ-д халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэнээс гурван долоо хоног орчмын өмнө нас баржээ.

Шведийн хадварт өвчин судлалын ерөнхий эмч Андерс Тегнелл мөн тус улсад "Covid-19"-ийн тохиолдол эрт бүртгэгдсэн гэж мягмар гарагт мэдэгдсэн байна. 


Холбоотой мэдээ