“Walt Disney” компанийн орлого ихээхэн буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-05-06 15:30:45

ВАШИНГТОН. /Reuters/. Шинэ коронавирусний цар тахлыг хязгаарлахын тулд улс орнуудын хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн улмаас АНУ-ын “Walt Disney” компанийн энэ оны эхний улирлын орлого 1.4 тэрбум ам.доллароор буурчээ.


Walt Disney” компанийн захирал Боб Айгер, бид түүхэнд байгаагүй сорилтуудтай тулгарсан хэмээгээд, цаашид нөхцөл байдал сайжирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тус компани Хятадын Шанхай хот дахь паркаа энэ сарын 11-нд нээх шийдвэрийг хэдийн гаргасан байна.


“Манай компани үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх бөгөөд үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлахын тулд урьдчилан захиалга авч, үйлчлүүлэгчдээ амны хаалт зүүхийг шаардаж, халууныг нь шалгана” гэж Б.Айгер мэдэгджээ. Энэ оны эхний улиралд хүлээсэн алдагдлын дийлэнх буюу нэг тэрбум гаруй нь сэдэвчилсэн паркуудыг хаасантай холбоотой байсан бөгөөд Ази, Америк, Европ дахь паркууд хэзээ нээгдэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.


Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур “Walt Disney” компанийн бүх сэдэвчилсэн парк, кинотеатр хаагдаж, телевизийн нэвтрүүлэг, киноны зураг авалтууд зогссон байна. Мөн тус компанийн “ESPN” сувгаар нэвтрүүлэх спортын томоохон тэмцээнүүдийн тоо буурчээ. “Walt Disney” энэ оны хоёрдугаар улиралд мөн их хэмжээний алдагдал хүлээх төлөвтэй байна.  

Холбоотой мэдээ