Ангараг гаргаас эртний гол мөрний ул мөр илрүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-05-07 13:42:58

МОСКВА. /RIA Novosti/. Эрдэмтэд 3.7 тэрбум орчим жилийн тэртээ урсаж байсан байж магадгүй гол мөрний ул мөрийг Ангараг гаргаас олж илрүүлжээ. Эрдэмтдийн судалгааны талаарх нийтлэлийг  “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн байна.


Нидерландын Утрехтийн их сургуулийн эрдэмтэд Америкийн сансар судлалын NASA агентлаг Ангараг гаргийн тойрог замаас “HiRISE” камер ашиглан  авсан зургуудыг судалжээ.


“Өдгөө Улаан нүдэн гаргийн гадаргуу үндсэндээ хуурай, хүйтэн боловч тэнд урьд нь шингэн ус байсныг нотлох геоморфологийн /газрын хотгор гүдгэр судлал/ нотолгоо бий. Усны урсгалын нөлөөгөөр гадаргынх нь төрх байдал өөрчлөдсөнийг тойрог замын судалгаагаар олж илрүүлсэн” гэж эрдэмтдийн судалгаанд дурдсан байна.


Тодруулбал, эрдэмтэд Ангараг гаргийн өмнөд тал хэсгийн Эллада тэгш газрын баруун хойд хэсэгт үүсэн бий болсон 200 метр өндөр, 3.7 тэрбум орчим жилийн настай хадархаг тогтцыг судалжээ. Уг тогтоцын тунамал чулуулгууд нь дэлхийнхтэй төстэй болохыг эрдэмтэд тэмдэглэсэн байна. Ийм  цохио нь дор хаяж 100 мянган жилийн турш тасралтгүй урссан голуудын нөлөөн дор үүсэх боломжтой гэнэ.


Энэхүү нээлт нь эрт цагт Ангараг гаргийн уур амьсгал ямар байсныг судлахад ихээхэн дөхөм болно гэж судалгаанд дурджээ.

Холбоотой мэдээ