БНХАУ-ын судлаачид Эверестийн өндрийг хэмжинэ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-05-07 15:44:13

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын судлаачдын баг хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан дэлхийн хамгийн өндөр оргилын өндрийг нарийвчлан тооцоолохоор Эверестийн оргилыг зорьжээ.


“Судлаачдын баг буудалласан баазаасаа оргил руу лхагва гарагт хөдөлсөн” гэж “CCTV” суваг мэдээлжээ. БНХАУ-ын Байгалийн баялагийн яамны мэдээлснээр, 53 гишүүнтэй баг өнгөрсөн гуравдугаар сараас хойш оргил орчмоор урьдчилсан судалгаа хийсэн байна.


Судлаачид энэ сарын 12-ны орчимд оргилд хүрч, хэмжилтээ хийж эхлэх төлөвтэй байна. Эверестийн өндөр 8848 метр хэмээн бүртгэгдсэн байдаг бөгөөд энэхүү хэмжээг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн юм. Харин АНУ-н нэгэн судалгаагаар тус уулын өндрийг 8850 метр хэмээн тооцоолж байсан бол Хятадын судлаачид өмнө нь 8844 метр хэмээн тогтоож байжээ.


Хятадын мэргэжилтнүүдийн хэлснээр, энэ удаагийн судалгаагаар хамгийн нарийвчлалтай хэмжээг гаргахын тулд олон төрлийн төхөөрөмж, технологи ашиглах ажээ. 

Холбоотой мэдээ