БНСУ-д халдвар авснаа мэдээгүй өвчтөн таван клубээр үйлчлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-07 18:31:00

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д коронавирусээр халдварласнаа мэдээгүй өвчтөн Сөүл хотын Итаевон дүүргийн таван клубээр үйлчлүүлсэн байна гэж тус улсын холбогдох албаны төлөөлөгчид өнөөдөр мэдээллээ.


29 настай эрэгтэй халдвар авснаа мэдээгүй байхдаа өнгөрсөн баасан гарагт таван клубээр орсон бөгөөд бямба гаргаас өндөр халуурч, гүйлгэж эхэлжээ. Ингэснээр БНСУ-д олон нийтийн дунд халдвар тархсан байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.


Сөүл хотын засаг захиргаа, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд  өвчтөний ойрын хавьтал болох 2000 орчим хүнийг илрүүлэхээр ажиллаж байгаа ажээ.


Өвчтөний үйлчлүүлсэн газруудын нэг нь “King” клуб бөгөөд ижил хүйстнүүдийн шөнийн цэнгээний газар гэдгээрээ танигдсан уг клуб, бид Засгийн газрын хөл хорионы дүрмүүдийг баримталж, үйлчлүүлэгчдийнхээ халууныг шалгаж, амны хаалт зүүсэн хүмүүсийг оруулж, гар ариутгагч хэрэглэхийг санал болгосон гэж мэдэгджээ.


Эмнэлгийн нэгэн мэргэжилтний мэдээлснээр, ижил хүйстнүүдийн клубээр үйлчлүүлэгчид өөрсдийгөө илчилж, шинжилгээ өгөхөөр ирэхгүй байж болзошгүй тул халдвар нэмж тархахад хүргэж болзошгүй гэнэ.


Одоогийн байдлаар өвчтөний ойрын хавьтлын таван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд шинж тэмдэг илрээгүй нэг найзаас нь халдвар илэрчээ. Түүнчлэн уг өвчтөн гадаадын оронд зорчоогүй, халдвар авсан өвчтөнтэй ойр байгаагүй тул олон нийтийн дунд байхдаа халдвар авсан хэмээн үзэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ