Гадаадад коронавирус туссан 15 монгол иргэн эдгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-08 12:33:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар шинэ коронавирусний халдвар дэлхийн 215 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 3.9 сая хүн өвчилж, 270 мянган хүн нас барсан бол 1.3 сая хүн эдгэрчээ. Харин  2.3 сая хүн энэ өвчний улмаас эмчлүүлж байна. 


Манай улсын хувьд  одоогоор ажиглалтад 987 хүн байна. Өчигдөр ажиглалтаас 72 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжжээ.

Ажиглалтын байранд нэг их эмч, 26 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 3800 зорчигч үйлчлүүлжээ. Эдгээрт Төмөр замын нэгдсэн эмнэлгийн 11 эмч үзлэг шинжилгээ, тандалт судалгаа хийж байна. Мөн Эрээн- Замын-Үүд чиглэлд ажиллаж буй 40 хүнд тандалт судалгаа хийхэд коронавирусний сэжигтэй тохиолдол илрээгүй хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Мөн тэрбээр коронавирусний талаарх зөвлөгөө мэдээлэл өгдөг 119 утсанд 24 цагийн хугацаанд 313 дуудлага ирсэн. "Шуурхай 119" апплейкшнд  2 улсаас 9 дуудлага ирснээс АНУ-аас нэг монгол иргэн коронавирусээр халдварласан тул эмчилгээний талаар зөвлөгөө авсныг дурдлаа.

Одоогийн байдлаар гадаадад амьдарч буй манай иргэдээс 20 гаруй хүн коронавирусээр халдварласнаас 15 нь эдгэрч, хэвийн амьдралдаа эргэн орсон бол бусад нь гэрийн тусгаарлалтад байгаа аж.

Холбоотой мэдээ