“Moody's” Монгол Улсын хэтийн төлөвийг тогтвортойгоос сөрөг болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Moody's/.
Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих
зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж,
хэтийн төлөвийг тогтвортойгоос сөрөг болгож бууруулах шийдвэрийг өнгөрсөн
баасан гарагт гаргажээ.
Гадаадын санхүүжилт
маш тодорхойгүй болсон үед экспортын орлого огцом унасантай холбоотойгоор
гадаад эмзэг байдлын эрсдэл нэмэгдсэн нь зээлжих зэрэглэлийн хэтийн төлөвийг бууруулахад
нөлөөлсөн байна. Мөн Засгийн газар тусламжийн томоохон багцыг санхүүжүүлэхтэй
холбоотойгоор зээл авах шаардлага улам нэмэгдэх төлөвтэй байгаа нь хөрвөх
чадварын эрсдэлийг нэмэгдүүлэх ажээ.
Шинэ коронавирусний
халдвар хурдацтай, өргөн хүрээг хамран тархаж буй нь дэлхийн эдийн засгийн
хэтийн төлөвийг доройтуулж, хөрөнгийн үнийг унагаж байгаа нь олон салбар, бүс
нутаг, зах зээлд ноцтой зээлийн цочрол үүсгэж байна. Эдгээр салбар дахь зээлийн
үр дагаварууд түүхэнд байгаагүй хэмжээнд хүрээд байна. “Moody's” байгаль орчин, нийгэм, засаглалын
зарчмуудын дагуу коронавирусний тархалтыг нийгмийн эрсдэл хэмээн үзэж байгаа ажээ.
Монгол Улсын хувьд гадаад байр сууринд ирж буй шахалт гадаад эмзэг байдлын
эрсдэлийг улам дордуулж байгаа бөгөөд ялангуяа тус улс 2021 оноос гадаад өрөө
төлж эхлэх юм.
“B3” зээлжих зэрэглэлийг батлахдаа Монголын
урт хугацааны гадаад өр, хөрвөх чадварын эрсдэл зэрэг зээлийн одоогийн сорилтуудыг
тусгасан байна. Сүүлийн жилүүдэд улсын төсвийн нягт тэнцвэржүүлэлт, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний өндөр өсөлт нь өрийн дарамтын өндөр түвшнийг бууруулжээ. Гэсэн хэдий ч коронавирусний
халдварын нөлөө, Хятадын нүүрсний эрэлтийн улмаас энэ оны өсөлт саарахад хүрч,
Засгийн газар өрийн шаардлагыг нэмэгдүүлж, зээлийн дарамтыг бууруулахын тулд санхүүгийн
томоохон арга хэмжээнүүдийг танилцуулсан нь санхүүгийн сул дорой байдлыг
сайжруулах боломжийг хойшлуулжээ. Мөн засаглал болон бодлогын үр дүнтэй байдал
сул хэвээр байгаа нь Засгийн газар түүхий эдийн үнийн мөчлөгөөс эдийн засаг,
улсын санхүүгээ хамгаалахад саад учруулж байгаа ажээ.
Монголын бусад
үзүүлэлтүүд өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд дотоодын валютын бонд ба
хадгаламжийн дээд хязгаар нь "Ba2", гадаад валютын урт хугацааны хадгаламжийн
дээд хязгаар "Caa1", гадаад валютын урт хугацааны бондын дээд хязгаар "B1", богино
хугацааны бүх гадаад валютын дээд хязгаар нь "Not Prime" буюу төлбөрийн чадвар
сул хэвээр байна.