Гэр бүлийн хүчирхийлэл 14.2 хувиар өсжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-05-12 10:33:42

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ оны 1 дүгээр улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн нийт гомдол мэдээлэл 91 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 78 тохиолдол 14.2 хувиар өссөн байна. Үүний улмаас гэмт хэрэг найм үйлдэгдэж, 12.50 хувиар өссөн байна. Мөн зөрчил 78 бүртгэгдэж, 91.0 хувь, эрүүлжүүлэгдсэн 44.0 хувь, баривчлагдсан 38.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийг ихэвчлэн согтуугаар үйлдсэн байна. Тухайлбал: 2018 онд 19 гэмт хэрэг бүртгэгдсэний 12 нь согтуугаар, 5 нь эрүүл үедээ, 2019 онд бүртгэгдсэн 39 гэмт хэргийн 36 нь согтуугаар, 3 нь эрүүл үедээ, 2020 оны 1-р улиралд  баривчлагдсан 54 хүнээс 36 нь, гэмт хэрэг үйлдсэн 8 хүнээс 3 нь архидан согтуурсан үедээ гэмт хэрэг, зөрчил үйлдсэн статистик үзүүлэлттэй байна.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг гэр орон сууцанд үйлдэгдэж, долоон эмэгтэй, нэг эрэгтэй хохиржээ. Насных нь байдлаар авч үзвэл 18-24 насны 2, 25-29 насны 1, 30-34 насны 2, 35-39 насны 2, 40-49 насны 1, төрийн алба хаагч 1, хувиараа хөдөлмөр эрхэлдэг 1, малчин 6 байна. Боловсролоор нь авч үзвэл бүрэн бус дунд боловсролтой 2, бүрэн дунд 3, дээд 3 байжээ.  Хүчирхийллийн улмаас нийт 2.6 сая төгрөгийн хохирол учирчээ.

Цагдаагийн газраас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчилж, иргэдийн эрх зүйн мэдлэгийн түвшин нэмэгдэж, эрүүл мэнд амь нас, аюулгүй байдлаа хангаж, эрхээ хамгаалуулах хандлага нэмэгдсэн, мөн хэвлэл мэдээллийн олон суваг, сүлжээнээс мэдээ мэдээллийг өргөн хүрээтэй авдаг байдал, далд нуугдмал байсан гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид цагдаагийн байгууллагад хандах хандлага нэмэгджээ. 

Холбоотой мэдээ