Хотын соёл цахим контентын уралдаан зарлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хотын соёл аяны хүрээнд цахим контентын уралдаан зарласан талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
Иргэд олон нийтэд хотын соёлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эерэг хандлагыг нэмэгдүүлэх, оролцоог нь дэмжих зорилгоор нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан “Жи энтэртаймэнт” ХХК хамтран “Хотын соёл” онлайн контент наадмыг зохион байгуулж байна.
Онлайн наадам нь видео реклам шторк, видео мэдээ, сурвалжилга, цахим нийтлэл, гэрэл зураг, аудио реклам, подкаст гэсэн таван төрлөөр явагдах бөгөөд хотын соёлыг мэдээлж, зөвлөж, түгээх, хүргэх сонирхолтой 16-гаас дээш насны иргэн болон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага оролцох боломжтой хэмээн нийслэлийн Соёл урлагийн газрын Урлагийн хэлтсийн дарга Э.Цэнд-Аюуш онцлов.
"Анх удаа зохион байгуулж буй наадамд ирүүлсэн
бүтээлүүдийг 2 үе шаттайгаар, оноо өгөх аргачлалаар шалгаруулах бөгөөд тавдугаар сарын 11-29-ний өдрүүдэд зохион байгуулна" хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын
Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.