“Эрдэнэт” ШУТП 200 сая төгрөгийн санхүүжилттэй төслийн уралдаан зарлалаа

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-05-13 17:30:55
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн парк “Гарааны бизнес-2020” төслийн уралдаан зарлалаа.  

Нийт 200 сая төгрөгийн санхүүжилттэй уг төсөлд өрхийн болон бичил бизнес эрхлэгч, өөртөө ажлын байр бий болгох зорилготой хүн бүрт нээлттэй юм. Ингэхдээ 100 иргэнд тус бүр хоёр сая төгрөгийг хүүгүй, барьцаагүйгээр олгоно. Үүнд, үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй 50,  Жаргалант суманд газар тариалан эрхлэх зорилготой 30, инженерийн чиглэлээр суралцаж буй тав, менежментийн чиглэлээр суралцаж буй тав, НҮБ-ын хөтөлбөрт хамрагдаж үйлдвэрлэгч болохоор суралцсан тав, ахуй үйлчилгээний салбарт ажиллах хүсэлтэй таван иргэнд тус тус зээл олгоно.

Төсөлд хамрагдагч нь Орхон аймгийн харъяат, “Эрдэнэт” ШУТП-аас хэрэгжүүлж байсан төсөлд хамрагдаж байгаагүй, Сум хөгжүүлэх сан болон ХХҮГ-аас зээл авч байсан бол түүнийгээ төлж дуусгасан байх, хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх шаардлага тавьжээ.

Төслийг энэ сарын 12-31-нийг дуустал  “Эрдэнэт” ШУТП-ийн дэргэдэх “START-UP” төвд хүлээн авна.

 

Холбоотой мэдээ