Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нар МАН-ын Бага хуралд оролцохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-14 16:36:10
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарыг энэ сарын 16-нд болох МАН-ын Бага хуралд ирж оролцолгүй, орон нутагтаа урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж ажиллахыг УОК-ын дарга Ө.Энхтүвшин үүрэг болголоо.


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсэж хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна.


Мөн 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орж, салхи 16, 17-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэйг анхааруулсан юм.


Холбоотой мэдээ