Хүчтэй салхи шуурганаас сэрэмжлүүлэв

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2020-05-15 10:47:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 16,17-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.


Цаг агаарын нөхцөл байдал муудаж байгаатай холбогдуулан Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Дундговь, Өмнөговь, Дорноговь болон зүүн гурван аймагт ажиллаж байгаа Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүдийн үйл ажиллагааг гурав хоногийн хугацаагаар буюу энэ сарын 17-ныг дуустал зогсоогоод байна.

Мөн Сүхбаатар аймаг өглөөний 8.00 цагаас, Хэнтий аймаг өглөөний 10.00 цагаас эхлэн орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргажээ.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудахаас сэргийлэх, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ