Усны асуудлаар оюутны эрдэм шинжилгээний бага хурал болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 11:31:11

Ховд Их Сургуулийн их танхимд “Ус ба тогтвортой хөгжил-3” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болж байна.

Тус сургуулийн  Байгалийн шинжлэл, технологийн сургууль, Экологийн сургалт, сурталчилгаа, мэдээллийн төв, Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа хамтран  хоёр жилийн өмнөөс  жил бүр “Ус ба тогтвортой хөгжил” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулж иржээ. Гурав дахь удаагаа болж байгаа энэ бага хурлыг Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа Монгол орны усны нөөц, ашиглалт, чанарын асуудал болон байгаль орчны бохирдлыг шийдвэрлэхэд их, дээд сургуулийн оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд тусламж дэмжлэг үзүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж байна. 

Улс орны “Тогтвортой хөгжил”-д байгаль хамгааллын асуудал хамгийн чухал байдаг. Энэ асуудалд оюутан залуусыг хандуулж тэдний судалгаа шинжилгээний ажлыг олон нийтэд танилцуулдгаараа тус хурал ихээхэн ач холбогдолтой гэж Ховд Их Сургуулийн захирал  М.Алтанбагана  онцолж хэллээ.

Тус бага хуралд “Хяргас нуурын шаврын макро ба микро элементийн судалгаа”, “Тонхил нуурын шаврын эрдсийн судалгаа”, “Чацарганы навчны химийн судалгаа” зэрэг 10 гаруй илтгэл хэлэлцэгдэж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ