Д.Ариундэлгэр: Стандартын шаардлага хангасан шинэ музейн байртай болох нэн тэргүүний асуудал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-05-19 17:05:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 05 дугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиодог. Энэхүү өдрийн хүрээнд Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн захирал Д.Ариундэлгэртэй ярилцлаа. 1940-өөд онд ашиглалтад орж байсан музейн барилга өдгөө үнэт үзмэрүүдийг хадгалж, үйл ажиллагаа явуулахад бэрх болжээ. Гэсэн хэдий ч олон жил тууштай явсны үр дүнд ирэх онд шинэ барилгатай болох гэж буй талаараа тэрээр баярлан хуучилсан юм.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе? Музей гэх энэ гайхалтай газартай ажил амьдралаа холбоод хэдэн жил болж байна?

-Тус музейн удирдлагаар ажиллаад найм дахь хавартайгаа золгож байна. Соёлын гайхалтай өвийг хадгалах хамгаалах,  сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх энэ сайхан албанд ажиллаж байгаадаа өдөр бүр талархдаг.

-Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн сан хөмрөг, хүний нөөцийн талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын стандартад 18-22 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар заасан байдаг ч одоогоор манайх 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Арван танхим, 2000 гаруй үзмэртэй. Манай музейгээр жилд гадаад дотоодын нийлсэн 2000 гаруй хүн тогтмол үйлчлүүлдэг.


-Музейчдийг хамгийн хүнд нөхцөлд ажилладаг хүмүүсийн тоонд багтаадаг. Ялангуяа орон  нутгийн музейчид илүү хүнд нөхцөлд ажилладаг байх?

-Тийм шүү. Ихэнх хүмүүс биднийг музей дотор байгаа үзмэр, эд зүйлээ үзүүлж тайлбарлаад суудаг мэт ойлгодог юм. Гэтэл музейн үйлчилгээний цар хүрээ бол асар том. Бид аймгийн хэмжээн дэх үл хөдлөх хөшөө дурсгал, биет болон биет бус өвийг бүртгэн баримтжуулах, судлах, нээн илрүүлэх ажлуудыг давхар гүйцэтгэдэг. Үзмэр сан хөмрөгийн улсын тооллого дөрвөн жилд нэг удаа болдог бол үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг таван жил тутамд хийдэг. Энэ том тооллогын ажлуудын ард гарч, чанартай хийж гүйцэтгэх ажил бол хамгийн хүнд бас хариуцлагатай ажил байдаг. Музейн үзмэрүүдэд хэн хэзээ өгсөн, он цаг нь тодорхойгүй хаанаас ирсэн нь, хэнээс дамжсан гэх мэт олон янз бүрийн үзмэрүүд бий. Тэр болгоныг тоолж судлах, баримтжуулах ажлуудыг хийж ажиллана гэдэг маш хэцүү л дээ. Миний анзаарснаар тооллого бүрийн дараа ажилчдаас минь хүнд өвдөх үе ажиглагдаж байсан.

-Энэ талаар тодруулбал?

-Хамгийн энгийн жишээ гэхэд манай ажилчид бүгд л тоосны харшилтай болсон байдаг. Энэ нь үзмэрийн эрүүл ахуй, аюулгүй байдалтай холбоотой гэж боддог юм. Эдгээр саад бэрхшээлээс бид стандартын шаардлага хангасан шинэ музейн байртай болж байж л гарах болов уу даа. Ер нь аль ч музейн ажилчид эрүүл мэндийн асуудалтай болсон байдаг. Гэхдээ манайх бол байрнаас үүдэлтэй асуудал илүү их. БНСУ-ын Үндэсний музей нь үзмэрийг ариутгалд оруулж халдваргүйжүүлж байж судалгааны шат руугаа өгдөг. Гэтэл манай хэдэн ажилчид энэ бүх ажлыг махан гараараа хийж байх жишээтэй.

-Энэ нь төрийн бодлого дутмаг байгаагийн илрэл юм болов уу?

-Ер нь бол тийм. Хүнд хэцүү гээд бид гомдолдоггүй. Аль болох өөрсдийн чадлын хэрээр ажлаа гүйцэтгэж, үүргээ биелүүлэхийг зорьдог. Музейг соёлын салбарт багтаагаад ерөнхий нэг бодлогыг төр засгийн зүгээс гаргадаг. Гэтэл соёл чинь өөрөө дотроо өөр өөрийн гэсэн онцлогтой бас нөхцөл байдал нь харилцан адилгүй. Ер нь соёлын салбарын ажилчдын цалин бага учраас энэ салбарт тогтвортой ажиллах боловсон хүчин хамгийн чухал асуудал болоод байгаа. Энэ тал дээр төрийн дорвитой бодлого шийдвэр хэрэгтэй гэж бодож явдаг. Музейг онцлон авч хэлэлцэх цаг нь болсон.

-Музейн барилга олон жилийн насжилттай. Гэсэн ч үнэт үзмэрүүдийг тэнд хадгалсаар байна. Нөхцөл байдал яг ямар байгаа вэ?

-Миний хувьд энэ ажлыг аваад л стандартын шаардлага хангасан шинэ музейн барилгатай болох талаар хөөцөлдөж байна. Одоогийн музейн барилга нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлт өгсөн байдаг. Хэдий тийм ч бид үйл ажиллагаагаа явуулж л байна. Энэ бол зөвхөн манайд ч тулгарсан асуудал биш орон нутгийн бүх музейн барилга шинэчлэн барих шаардлагатай байгаа болохоор төрийн бодлого шийдвэрээр л шийдэгдэх нийтлэг асуудал болоод байгаа юм.

-Стандартын, шинэ барилгатай болох ажлыг та их олон жил ярьж хөөцөлдөж байгаа шүү дээ? Энэ ажил ямар түвшинд явж байна?

-Өнгөрсөн жил 2019 онд манай музейн 70 жилийн ойн хүрээнд Ц.Жигжиджав сайдын танхимыг шинээр байгуулсан. Энэ үйл ажиллагааны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирсэн юм. Энэ үеэр миний бие музейн үйл ажиллагаагаа танилцуулж “Талаас мандах нар” нэртэй музейн шинэ барилгын зургийг албан бичгийн хамт хавсарган өгсөн юм. Ингэснээр музейн шинэ барилгын асуудал 2021 оны төсөвт тодруулбал Сангийн яамны программд албан ёсоор суугаад байгаа, үүнд манай хамт олон маш их баяртай байгаа. Шинэ байрандаа орох мөчөө хүлээж сууна. Энэ бол манай хамт олны, мөн аймаг орон нутгийн үе үеийн удирдлагуудын олон жил тууштай хөөцөлдсөний үр дүн. Одоогоор өв соёлын цогцолборын барилгын төслийг хийгээд явж байна.

-Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей олон шинэ шинэлэг ажлуудыг байнга санаачилж байгаа харагддаг. Энэ жилийн онцлох ажил юу байна?

-Хүүхэд багачуудыг музейд дуртай болгох, өв соёлоо дээдлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх чиглэлээр шат дараатай ажлуудыг хийж байна. Манай музейн хувьд өнгөрсөн онд олон шинэ, шинэлэг ажлуудыг санаачлан хийсэн. Жишээлбэл, “Сүхбаатарчуудын өв соёл” эрдэм шинжилгээний бага хурал, “Нандин өв” мөнгөн урлалын үзэсгэлэн, “Дарьганга өв” мөнгөн цом, Үлэг гүрвэл, археологийн хүрээлэнтэй хамтарсан үзэсгэлэн гэх мэт ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ жилийн хувьд хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор цахимаар үзмэр болон сан хөмрөгөө сурталчлах ажлыг голлон хийж байна. Мөн бага насны хүүхэд багачууддаа зориулж зарим танхимын үзмэрүүдийг сонирхолтой байдлаар цахимаар  танилцуулж байна. Энэ жил таван жил тутамд хийдэг үл хөдлөх дурсгалын улсын тооллогын бэлтгэл ажлыг хангах үүднээс 12 суманд явж бүртгэлд ороогүй үл хөдлөх дурсгалуудыг шинээр бүртгэн авах, эрэн сурвалжлах, зарим дурсгалын солбицлыг нягтлах зэрэг ажлыг хийж байна.

-Цаашдын төлөвлөгөө, зорилго юу байна?

-Цаашид хийхээр төлөвлөж байгаа олон ажил байна. Юуны өмнө шинэ музейн талаар судалгаа шинжилгээ хийж ямар чиглэлээр, ямар үзмэр дэглэлтээр хэрхэн яаж бэлтгэх вэ, мөн үзмэр сан хөмрөгийг нэмэгдүүлэх бодлого гэх мэт олон ажил бид бүхнийг хүлээж байна даа.

-Цаг гаргасанд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье?

Баярлалаа. 

Холбоотой мэдээ