Хүмүүн бичигтэн хамт олон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-05-20 21:59:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 10 дугаар цэцэрлэгийнхэн хамт олноороо үндэсний бичгээ бүрэн эзэмших зорилт тавьж, МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг нийтээрээ захиалан уншиж байна. Мөн жил бүр “Хос бичигтэн” уралдааныг зохион байгуулж, кирилл болон монгол бичгийн сайхан бичигтнүүдийг шалгаруулдаг уламжлал тогтжээ.

Ц.Мөнхтуяа эрхлэгчтэй 10 дугаар цэцэрлэг 2019-2020 оны хичээлийн жилд 30 багш, ажилтантайгаар найман бүлэгт 280 хүүхдийг хамруулан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэж байна.

Тус цэцэрлэг анх Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах байгууллагын харьяалалд 1950 онд 20 ортой, зургаан ажилчинтай н.Цэрмаа эрхлэгчтэй анхны ясли болж байгуулагдан, монгол гэрт үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. 1967 оноос 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай яслийн барилга ашиглалтад оржээ. 2010 онд тус яслийг цэцэрлэг болгон сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, 2011 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэгдүгээр ясли байсныг 10 дугаар цэцэрлэг болгож, хуулийн этгээдийн нэрийг өөрчлөн улсын бүртгэлд бүртгэжээ.

10 дугаар цэцэрлэг 2014 оны хичээлийн жилд 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг хүлээн авч, үндсэн болон хувилбарт сургалтын хэлбэрээр 290 хүүхдийг хамруулан ажиллаж байгаа юм.

Тус хамт олон 2014 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын орон нутгийн 3 дугаар зэргийн болзлыг биелүүлсэн бол мөн ондоо “Монгол бичиг 2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Бидний монгол бичиг” аянд Тэргүүн байр эзэлж байжээ. 2015 онд “Монголын боловсролын салбарыг судлах үндсэн судалгаа нийгэмлэг”-ийн “Топ стандарт” байгууллага, аймгийн “Шилдэг тохижилттой аж ахуйн нэгж байгууллага”, Баянхонгор хотын шилдэг цэцэрлэгээр тус тус шалгарсан байна.

Тэгвэл 2019 ондНом эрдэм” аяны 20 жилийн ойг угтан зохион байгуулсан “Унших эрдэм” олимпиадад шилдгийн шилдэг цэцэрлэг, Монголын Шилдэг ажил олгогч эздийн “Болор цом” холбооны “Оны онцлох аж ахуйн нэгж-2019” өргөмжлөлийг гардаж байжээ. Мөн тус цэцэрлэгийн багш, ажилчид болон сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй хүүхдүүд сум, аймаг, улсын уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцдог байна.

Холбоотой мэдээ