Байгаль хамгаалал бол зөвхөн төрийн байгууллагуудын хийх ажил биш, иргэн бүрийн үүрэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-05-21 14:35:21

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Прокурорын газраас Цагдаагийн газар, МХГ-тай хамтран хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, энэ төрлийн мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Ногоон дуу хоолой” нэрийн дор “Байгалиа хамгаалъя” нэг сарын аяныг өрнүүлж, энэ сарын 20-ны өдөр дууссан байна.

Энэ жилийн хувьд коронавирусний халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчин, олон нийтийн сүлжээг түлхүү ашиглан иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч ажиллажээ. Мөн тус аяны хүрээнд сумдад хамтарсан багийн нэгдсэн хяналт шалгалтыг эрчимжүүлж, иргэдэд нөлөөллийн арга хэмжээг түлхүү хийсэн байна.

“Энэхүү сарын аяны онцлог нь анх удаа төрийн байгууллагууд хамтран байгаль хамгаалах үйлсэд иргэдийг татан оролцуулах, хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах мэдээ, мэдээллийг түгээхэд оршиж байсан. Байгаль хамгаалал бол зөвхөн төрийн байгууллагуудын хийх ажил биш, иргэн бүрийн үүрэг гэдгийг ухамсарлаж, иргэд маань хандлагаа өөрчилж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлнэ гэдэгт найдаж байна” хэмээн аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Нандинцэцэг хэллээ. 

Холбоотой мэдээ