Орхон багийн байнгын постод хүч нэмэгдүүлнэ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-05-21 15:53:51

Архангай /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан Цагдаагийн ерөнхий газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Экологийн цагдаагийн албаны ажлын хэсэг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмидаар ахлуулсан ажлын хэсэгтэй хамтран Цэнхэр сумын Орхон багт хийсэн нөхөн сэргээлтийн ажлын нөхцөл байдалтай өнөөдөр танилцлаа.

Энэ үеэр Орхон багт ажиллаж буй байнгын постод Цагдаагийн ерөнхий газрын харьяа Экологийн цагдаагийн албанаас хүч нэмэгдүүлэн ажиллуулах шийдвэр гаргалаа. Мөн нөхөн сэргээлтийг үргэлжлүүлэн мэргэжлийн байгууллагаар хийлгэх шийдвэрийг гаргасан байна.

Өнгөрсөн онд Орхон багт зургаан аж ахуйн нэгжээр 143 га талбайд техникийн, 22,6 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг тус тус хийлгэсэн.

Харин нөхөн сэргээлтийн ажлыг хийгээгүй орхисон “Монгол газар” ХХК болон “Эм Жи Эйч” ХХК-ийн ашиглалтын 5 тусгай зөвшөөрлийн талбайд байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардлыг мэргэжлийн байгууллагаар тооцуулж, 306 тэрбум төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол, 11 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн зардлыг тогтоолгоод байгаа ажээ.


Холбоотой мэдээ