Үндэсний их баяр наадмыг технологийн дэвшил ашиглан зохион байгуулна

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-05-22 13:18:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо Төрийн ордонд өнөөдөр хуралдав. Хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн  шийдвэрлэв.


"COVID-19" цар тахлаас сэргийлэх үүднээс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах эсэх нь эргэлзээтэй байсан. Харин Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэлзүйг дэмжиж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй хэмээн үзлээ. Цаг үеийн онцгой нөхцөл байдалд тохируулан Баяр наадмыг зохион байгуулах “түр журам” баталж, дагаж мөрдөх юм.


Энэ оны долоодугаар сарын 10-нд Төрийн хүндэтгэлийн концерт СТӨ-нд болно. Харин долоодугаар сарын 11-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залж, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, нээлтийн урлагийн тоглолт болно. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, тоглолтыг технологийн шийдлээр нэгтгэн нийтэд үзүүлэх аж. Бөхийн барилдаан, морин уралдаан, сур, шагайн харваа уламжлалын дагуу болох юм.


Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүс "COVID-19"-ийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавих юм.


Үндэсний их баяр наадмыг бүхэлд нь технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон цахим хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа үзэх юм. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлийнхэний 1 хувь. Үлдсэн 99 хувь нь телевиз, радио, онлайнаар морь, бөх, сур шагайгаа үзэн наадамласаар ирсэн.  Иймд энэ жилийн наадмыг тусгай дэглэмийн дагуу зохион байгуулахад наадамчин олон, иргэдэд төдийлөн хүндрэл чирэгдэл учрахгүй хэмээн тооцоолж, ард иргэдээ цаг үеийн нөхцөл байдал, эрсдлийг ойлгон, гаргаж буй уг шийдвэрт  хүндэтгэлтэй хандана хэмээн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо үзэж байна.

Холбоотой мэдээ