Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-05-23 11:58:45

Хэнтий /МОНЦАМЭ/ Жэрэс олон улсын байгууллагаас “Хөдөөгийн эдийн засгийн хөгжилд жендерийн эрх тэгш оролцоог хангах нь” төслийг Хэнтий аймгийн 5 суманд хэрэгжүүлэхээр болж, аймгийн Засаг даргатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Тус төсөл нь Европын холбооны санхүүжилтээр МОНЭС /Монголын эмэгтэйчүүдийн сан/, ХХМЭБА /Хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид/ хамтран Хэнтий, Архангай гэсэн 2 аймагт хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Эдгээр аймгийн хувьд орлогын эх үүсвэрийн дийлэнхийг ХАА-н салбар эзэлдэг бөгөөд малчдын 40 хувь, тариаланчдын 75 хувьд нь эмэгтэйчүүд ажилладаг.

Тиймээс эдгээр эмэгтэйчүүдийг чадавххжуулах, улсын болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, мөн нэмүү өртөг шингэсэн орон нутгийн тогтвортой ноолуур, органик ногоо, тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор уг төслийг хэрэгжүүлэх юм.

Тогтвортой ноолуур гэдэг нь байгаль орчин, малд ээлтэй аргаар үйлдвэрлэсэн ноолуурыг хэлдэг бөгөөд ийм түүхий эдээр бэлтгэсэн эцсийн бүтээгдэхүүн олон улсын зах зээл дээр 15-30% илүү үнэ хүрдэг, цаашид ч өсөх хандлагатай байгаа аж. Гэсэн хэдий ч малын тоо их өсөх нь бэлчээрийн чанарт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс ямааны тоо толгойг нэмэгдүүлэхгүйгээр ноолуурын гарц, чанарыг сайжруулах орчин үеийн арга технологийг зааж сургах болон эмэгтэйчүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр сургалт нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд 2022 оныг дуустал үргэлжилнэ.

Одоогоор Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Овоо суманд судалгааны баг ажиллаж байгаа бөгөөд, судалгааны үр дүнгээр 1 сумыг хасч үлдсэн 5 суманд уг төслийг хэрэгжүүлнэ.

Холбоотой мэдээ