Автозамын “Ногоон өргөн чөлөө” төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-25 17:14:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар хотын баруун зүүн хэсгийг холбосон хэвтээ тэнхлэгийн 6, урд хойд хэсгийг холбосон босоо тэнхлэгийн 9,  тойрог 4 гол гудамж бүхий авто замын сүлжээ байгуулах талаар хэлэлцэж, дэмжлээ. 

Энэ нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг жигд тараах зорилготой, нийслэлийн авто замын сүлжээний “Баруун бүс- хөгжлийн хөтөлбөр”-ийн "Ногоон өргөн чөлөө" гэсэн төсөл юм. Тодруулбал, дээрх төслийн хүрээнд гудамж замын сүлжээ нь хотын төв, дэд төвүүд, үйлдвэр, суурьшил, амралт зугаалгын бүсүүдийг хооронд нь оновчтой холбох юм. Ингэснээр хөдөлгөөний давхцалыг арилгаж, түгжрэлийг сарниулах, хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлж гудамж замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах аж. 

Энхтайваны өргөн чөлөөн дэх Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвараас урагш төмөр замын доогуур нүхэн гарц барин өнгөрч улмаар Дунд болон Туул голын дээгүүр гүүрээр гаран Наадамчдын гудамж замтай Нүхтийн замын уулзвар дээр холбогдох баруун босоо шинэ тэнхлэгийг бий болгож улмаар Яармагийн гүүрний огтлолцол, Сонсголон болон Гурвалжингийн гүүрэн гарц, Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний ачааллыг хуваарилж авах замаар түгжрэлийг бууруулах зорилготой юм. 

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг “Уурхайчдын зам” гэж нэрлэсэн талаар НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ. 




Холбоотой мэдээ