Цахим картаар зорчигчдод хяналт шалгалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-05-27 14:59:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг нийтийн тээвэрт U MONEY картаар зорчиж хэвшүүлэх зорилгоор хяналт шалгалт хийж байна.


Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг “Сити Баз Консалтинг” ХХК, ”УБ Смарт Карт” ХХК нар хамтран зорчигчийн ачаалал ихтэй 20 байршил дахь автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг 5 дугаар сарын 20-ноос 07:30-09 цагийн хооронд зохион байгуулж байгаа юм.


Хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд U money картаараа үйлчлүүлэх шаардлагыг тавин, зөрчил гаргаж буй иргэдэд санамж хүргүүлэх, зөвлөмж, мэдээлэл хүргэх,  U money карттай холбоотой иргэдийн санал гомдол, хүсэлтийг хүлээн авах юм. Мөн карт үйлчилгээний төрөл, борлуулалт, цэнэглэх цэг, боломжуудын талаар мэдээлэл, сурталчилгаа хийж ажиллана. Энэ үеэр картгүй болон картаа цэнэглээгүй зорчигчдод явуулын карт борлуулах болон цэнэглэх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.


Нийтийн тээврийн автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд нийслэл хотын иргэдийн дунд U money картаар зорчигчдын тоог нэмэгдүүлэх, картын хэрэглээг хэвшүүлэх болон нийтийн тээврийн үйлчилгээний чанар стандарт, хууль эрхзүйн орчинг сайжруулах, улам боловсронгуй болгох ажлыг зохион явуулахаар төлөвлөсөн хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ