Хөдөлмөрийн баатар С.Чоягийн унаж байсан машиныг хөшөө болгон мөнхөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-28 11:40:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Сархынбайн Чоягийн унаж явсан ГАЗ-51 машиныг  Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн өмнө хөшөө болгон мөнхөллөө.

"Монголын анхны саятан жолооч" хэмээн алдаршсан гавьяатанд зориулж хөшөө босгоход аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Гаалийн газрын дарга С.Хавал, Авто тээврийн төвийн дарга Т.Сайдол, инженер З.Бердаулет нар гар бие оролцжээ.

С.Чоя нь 1954-1994 онд Баян-Өлгий аймгийн Авто тээврийн бааз, Тээврийн удирдах газарт шуудан тээврийн жолоочоор тасралтгүй 40 жил ажиллажээ. Тэрээр ГАЗ-51 машинаараа Алтайн уулархаг нутгийн бартаат замд их засваргүйгээр 534 мянган км явжээ. Мөн бааздаа саятны хөдөлгөөн өрнүүлэн, бригад тэргүүлэн ажиллаж, 4 удаа саятан, 7 удаа улс, аймгийн аварга болсон аж.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 1980 онд Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байхад нь БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна.

Холбоотой мэдээ