Монголын шигшээг тоглолт наймаалцаагүй гэж дүгнэжээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-05-28 14:07:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ-ний урьдчилсан шатанд Монгол, Киргизийн шигшээ багийн тоглолт 2:1-ээр дуусаж манай хөлбөмбөгчид талбай дээрээ хожигдсон.


Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Г.Дашням уг тоглолтыг өмнө нь тохиролцсон, наймаалцсан гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.


Харин Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА /FIFA/ Монгол, Киргизийн багийн тоглолтод өмнө нь тохиролцсон эсэхийг шалгахад Монголын хөлбөмбөгчдийг тоглолтоо наймаалцаагүй гэж үзсэн байна.


Энэ талаар Үндэсний шигшээ багийн тамирчдын төлөөлөл цахим хуудсандаа “Сайн байцгаана уу. Өнөөдөр сайхан, баяртай мэдээтэй өдөр байлаа.


МХБХ-ны дэд ерөнхийлөгч Г.Дашням нь Монгол Улсын шигшээ багийн тодорхой хэдэн тамирчдыг маш бүдүүлгээр гүтгэн доромжилж, түүхэндээ анх удаа Дэлхийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд оролцохдоо монгол тамирчид тоглолт наймаалцсан гэж дэлхий нийтээр тарааж, цаг нь болохоор нотолно хэмээн бичиж улмаар ОУХБХ /FIFA/-нд мэдэгдэн, ОУХБХ-ны сахилгын хороонд нь хэрэг нээлгэсэн юм.

ОУХБХ-ны сахилгын хороо 5 сар гаруй хянаж, шалгаснаар Монгол тамирчдын нэр дээр нээсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг ирүүлсэн нь маш баяртай мэдээлэл байлаа.


МХБХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод 1 жилийн хугацаанд ажилласан, Ганзоригийн Дашням гэж этгээдийн гүтгэлгийн уршгаар ОУХБХ-ны холбогдох ажилтнуудад шалгагдаж, байцаагдаж, хэргийг хянан шийдэгдтэл, ийм хэрэг хийгээгүй ч гэсэн тамирчид маань асар хүнд сэтгэл санааны дарамтад байж ирлээ. Монгол Улсынхаа төрийн дууллыг дуулан, шигшээ багийн нэрийн өмнөөс тоглодог ямар ч тамирчинд тоглолт наймаалцах асуудал байх ёсгүй гэдгийг жирийн хүн төдийгүй тэр тусмаа тамирчин хүн бүр илүү ойлгодог байх. Бидний хэдэн нөхөд ийм асуудалд оролцох нь битгий хэл санаанд ч орж байгаагүй гэдгийг бичих нь зүйтэй байх. Хэдийгээр бид энэ асуудалд холбогдолгүй ч гэсэн ямар нэг хилс хэрэгт гүтгэгдэх нь, тэр нь дутуу дулимаг шалгагдаад үнэн мэт шийдвэр гарах вий гэхээс эмээж, шийдвэрийг хүлээж, маш хүнд дарамтад ордог юм байна. Өнгөрсөн 5 сарын хугацаанд бидэнд итгэсэн бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье.



Монголын хөлбөмбөгийн ертөнцөд ямар ч дансгүй, хэн ч таньж мэдэхгүй мөнгөтэй нэгэн этгээд гэнэт орж ирэн клуб худалдан авч, нэрийг нь өөрчлөн өөрийн болгоод, МХБХ-ны дэд ерөнхийлөгч болж дэвшээд, цэвэр өрсөлдөөнд орж чадахгүй башир арга хэрэглэн, өөр багийн тамирчдыг, шигшээ багтай нь гутаан доромжилсон явдал хөлбөмбөгчдийн хувьд хамгийн гунигтай явдал боллоо.

МХБХ-ны дэд ерөнхийлөгч, “Улаанбаатар сити” клубийн эзэн Ганзоригийн Дашням таныг “Үндэсний шигшээ баг”,  тамирчдын нэр хүндийг гутаан доромжилж, дэлхий нийтэд /англи болон монгол хэлээр өөрийн истори-д мэдээлэл оруулж /эсрэг сурталчилгаа хийсэн шигээ, уучлал хүсэж хөлбөмбөгийн ертөнцөд эргэн нэгдэхийг хүсье. Үндэсний шигшээ багийн тамирчдын төлөөлөл, 2020 оны тавдугаар сарын 28” гэжээ.






Холбоотой мэдээ