"Оны онцлох хүүхэд"-ийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-29 10:33:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд жил бүр хүүхдийн авьяас чадвар, давуу тал, амжилт ололт, зөв үлгэр дууриаллыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Оны онцлох хүүхэд"-ийг шалгаруулдаг.

2019 оны “Оны онцлох хүүхэд”-ийн шалгаруулалтад 18 сум, 2 тосгоноос 43 хүүхдийн материал ирснээс тодорхой шалгуурыг үндэслэн шилдэг хүүхдүүдийг тодруулан тавдугаар сарын 28-нд батламжийг нь гардууллаа. Биеийн тамир, спорт бие бялдрын хөгжил, техник сэтгэлгээ шинийг сэдэх санаачилга, урлаг, уран бүтээл, мэргэжлийн чиг баримжаа, хүмүүнлэг энэрэнгүй үйлстэн, байгаль хамгаалал-эрүүл аюулгүй орчин, эх орны түүх-соёл, өв уламжлал, сурлагын амжилт, хүүхдийн өөрөө удирдах байгууллага номинациудаар шалгаруулжээ.

Тухайлбал, Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга бүтээлч байдал номинацид Есөнбулаг сумын Хоёрдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Баяртуул, Урлаг, уран бүтээл номинацид Есөнбулаг сумын Нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ч.Батсүрэн, Эх орны түүх, соёл, өв уламжлал номинацид Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Н.Алтангадас, Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин номинацид Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Мөнгөнсүх нар 2019 оны аймгийн “Онцлох хүүхэд”-ээр шалгарсан байна.

Үе тэнгийнхнийгээ манлайлж шилдгээр шалгарсан сурагчдыг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Хүүхдийн элч Ж.Ганбат хүлээн авч хүндэтгэл үзүүлэн баяр хүргэсэн юм.
Холбоотой мэдээ