Ч.Хүрэлбаатар: Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-29 11:29:35
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-ын саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангасан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр мэдээллээ. 


Манай улс 2019 оны 10 сард ФАТФ-ын саарал жагсаалтад ороход 6 үүрэг даалгавар авснаас 2020 оны 1 сард  БНХАУ-ын Бээжин хотноо болсон хурлаар 3 ажлыг хамгаалж, хангалттай гэсэн үнэлгээ авсан. Харин энэ сарын 4-нд цахимаар үлдсэн 3 ажлаа хамгаалсан бөгөөд саарал жагсаалтаас гарах нөхцөл бүрдсэн талаарх мэдээлэл ФАТФ-аас өчигдөр /5 сарын 28/-нд иржээ. Одоо тус байгууллагаас манай улсад газар дээр нь хяналт шалгалт хийх учиртай ч цар тахалтай холбоотой энэ ажлын тов тодорхойгүй байна.


Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өчигдөр ФАТФ-ын нарийн бичгийн дарга нарын газраас тайлан ирүүллээ. Засгийн газар, Монголбанк, СЗХ, хууль хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсэг саарал жагсаалтаас гаргах чиглэлээр 2 удаа тайлан хамгаалсан.  Өнгөрсөн 1 сард  БНХАУ-ын Бээжин хотод болсон хурлаар ФАТФ-аас өгсөн 6 даалгаврын 3-ыг амжилттай хамгаалсан. Тавдугаар сарын 4-ний өдөр үлдсэн 3 үүрэг даалгаврыг 100 хувь хамгаалсан. Монгол Улсыг саарал жагсаалтаас гарах 6 үүрэг даалгаврыг биелүүлсэн талаарх мэдээллийг өчигдөр ФАТФ-аас ирүүлсэн тайланд онцолжээ. Одоо ФАТФ-аас манай улсад газар дээр нь шалгалт хийх учиртай ч цар тахалтай холбоотой энэ ажлын тов тодорхойгүй байна" гэв.


Сүүлд үлдээд байсан 3 ажлын хүрээнд, санхүүгийн бус бизнесийн чиглэлийн байгууллага, тухайлбал, хуульч, нотариатчид, нягтлан бодогч, алт мөнгө, үл хөдлөх хөрөнгийн худалдаачдад тавих хяналт сул байна гэсний дагуу СЗХ болон мэргэжлийн ТББ-уудын хууль эрх зүйн орчныг сайжруулж, хяналт тавих боломжийг нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг мөрдөх, прокурорын түвшинд яллах дүгнэлт гаргах байдал учир дутагдалтай байна гэсэн дүгнэлтийн дагуу АТГ, ЦЕГ, ТЕГ, шүүх, прокурорын байгууллагууд нягт хамтран ажиллаж байна. Гуравдугаарт, НҮБ-ын санкцтай холбоотой арга хэмжээнүүдийг тодорхой хэрэгжүүллээ хэмээн Сангийн сайд тэмдэглэв. 



Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "ФАТФ-ын зургаан даалгаврыг өнгөрсөн оны 9 дүгээр сард авсан. Олон байгууллагууд баг болж хамтран ажилласны үр дүн 7 сарын дараа  гарлаа. УИХ-аар Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн хууль, Татварын тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтай тэмцэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зэрэг нийт 10 гаруй хуульд томоохон эрх зүйн шинэчлэлийг хийсэн нь ФАТФ-аас сайн үнэлгээ авахад ихээхэн түлхэц боллоо. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хүсэлт тавьсны дагуу хоёр улсыг цахимаар тайлан хамгаалах боломж олгосны нэг нь манай улс байсан. Тайлангаа сайн хамгаалсан тул ФАТФ-ын албан ёсны хурлаар саарал жагсаалтаас гарна гэсэн итгэлтэй байна. Covid-19 цар тахалтай холбоотойгоор хурлын тов одоогоор тодорхойгүй байна" хэмээлээ.


Манай улс 2011 онд мөн ФАТФ-ын саарал жагсаалтад орж байсан бөгөөд тухайн үед өгсөн 6 даалгаврыг 32 сарын хугацаанд биелүүлсэн. Бусад улс орнуудын туршлагаас харахад жагсаалтаас гарах хугацаа ойролцоогоор 3.5 жил байгааг Монголбанкны ерөнхийлөгч нэмж тэмдэглэв. 


Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоотой болохын тулд ФАТФ-ын шаардлагыг биелүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагууд дээрх үнэлгээнд суурилан аливаа улсад хөрөнгө оруулах эрсдэлээ тооцож байдаг аж. 

Холбоотой мэдээ