Анимейшн студид гал тавьсан этгээд өөрийгөө цөөн хүний аминд хүрсэн гэж бодож байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-29 13:42:25

ТОКИО. /NHK/. Японы Киото хотод байрладаг “Kyoto Animation” студид өнгөрсөн онд гал тавьсан этгээд өөрийнх нь үйлдсэн халдлагын улмаас цөөн хүн амиа алдсан гэж бодож байсан гэж мэдүүлжээ.


Аоба Шинжиг 2019 оны долдугаар сард студид гал тавьж, хүний амь нас бүрэлгэсэн хэргээр лхагва гарагт баривчилжээ. Уг түймрийн улмаас 36 хүн амиа алдаж, 33 хүн хүнд гэмтсэн юм.


Мөрдөн байцаагчид А.Шинжиг эмнэлгээс баривчлах үедээ хэчнээн хүний аминд хүрснийг нь хэлсэн байна. “Би ийм олон хүн амиа алдсан гэж бодоогүй. Ойролцоогоор хоёр хүн нас барсан байж магадгүй гэж таамаглаж байсан” гэж уг эрэгтэй мэдүүлэг өгөхдөө ярьжээ.


Гэсэн хэдий ч гэмт этгээд шатахуун ашигласнаар олон хүний аминд хүрнэ гэдгийг мэдэж байсан гэж цагдаа нарт хэлжээ. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, А.Шинжи асуултад тайвнаар хариулж байсан хэдий ч гэмшсэн шинж үзүүлэх юм уу өршөөл гуйгаагүй байна.


Гал дээр шатахуун нэмсний улмаас хүнд хэлбэрээр түлэгдсэн гэмт этгээд одоог хүртэл өөрөө хооллож чадахгүй байгаа аж. Гал түймэр гарсны дараа цагдаа нар студийн ойролцоогоос гал тогооны зургаан хутга олсон байна. А.Шинжи тэдгээр хутгаа ашиглахаар төлөвлөж байснаа цагдаа нарт мэдүүлжээ. 

Холбоотой мэдээ