БНХАУ-д "Хоёр чуулган" амжилттай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-05-29 18:36:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэвлэлийн албаны мэдээлэл


БНХАУ-ын 13 дахь сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын 3-р чуулган болон Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөл /УТЗЗ/-ийн 3-р чуулган буюу Хятадын “Хоёр чуулган” энэ сарын 21-28-нд Бээжин хотноо амжилттай боллоо.


“Хоёр чуулган” бол Хятадын улс төрийн хүрээний том үйл явдал. Энэ чуулганаар улс орны эдийн засаг, ард түмний ахуй амьдрал зэрэг тал бүрийн асуудлыг хөндөн хэлэлцдэг учраас Хятадын иргэн бүрийн амьдралтай нягт холбоотой үйл явдал юм. Хоёр чуулган бол бас дэлхийн дахин Хятадыг харах цонх. БНХАУ дэлхий нийттэй хамтран шинэ коронавирусийн халдварын тархалттай тэмцэж буй өнөөгийн нөхцөлд Хоёр чуулган олон улсын анхаарлыг бүр ч илүү татаж байна.


Энэ жилийн “Хоёр чуулган”-ы үеэр Ши Жиньпин дарга зэрэг нам, төр засгийн удирдагчид чуулганы нээлт, хаалтын хуралдаан болон салбар хуралдаанд оролцлоо. Чуулганд БХАТИХ-ын нийт 2900 гаруй төлөөлөгч, УТЗЗ-ийн 2000 гаруй төлөөлөгч улсын хэргийг хэлэлцэж, санал бодлоо дэвшүүллээ. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян чуулганы үеэр Засгийн газрын өнгөрсөн жилийн ажлын тайланг танилцуулахын сацуу энэ оны ажлын төлөвлөгөөг танилцууллаа. БХАТИХ-ын Чуулганаар мөн Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль тогтоох чухал шийдвэрийг батлав.


Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тухайд


2019 он болон 2020 он гарснаас хойш Ши Жиньпин дарга төвтэй ХКН-ын тууштай удирдлагаар Хятадын ард түмэн зоригжин урагшилж, бэрхшээлийг давж, тавьсан зорилтуудаа бүрэн дүүрэн биелүүлж, иж бүрэн чинээлэг нийгмийг байгуулахад бат бөх суурийг тавилаа.


Дээрх хугацаанд улсын эдийн засаг тогтвортой хөгжиж, эдийн засгийн бүтэц, бүс нутгийн хөгжлийн уялдаа холбоо тасралтгүй сайжирлаа. Улсын хэмжээнд ДНБ 6.1%-ийн өсөлттэй гарч, 99.1 их наяд юаньд хүрэв. Хот суурин газарт 13.52 сая хүн шинээр ажлын байртай болов. Дэвшилтэт үйлдвэрлэл, орчин үеийн үйлчилгээний салбарууд хурдацтай хөгжиж, хот, суурин газрын байнгын оршин суугчийн хотжилтын түвшин анх удаа 60%-иас давжээ.


Хөгжлийн шинэ эрч хүч нэмэгдэж, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлогын чухал алхмууд хэрэгжлээ. Шинжлэх ухаан, технологийн инновацид чухал үр дүн гарч, нийлүүлэлтийн бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлэв. “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад шинэ үр дүн гарч, “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийг батлан, гадаад худалдаа, гаднын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хадгалж чадлаа.


Ард иргэдийн амьдралыг илүү сайжруулав. Хөдөөгийн ядуу хүн амын тоо 11.09 саяар буурснаар ядуурлын түвшин 0.6 %-д хүрч буурав. Хот суурин газрын хүн амын нэг хүнд ногдох дундаж орлого 30000 юань давж, ахмад настны тэтгэвэр, эрүүл мэнд, амьжиргааны доод түвшний зэрэг суурь хангамжийн түвшинг нэмлээ. Мөн бохирдлоос сэргийлэх арга хэмжээнд ахиц гарч, экологийн орчин сайжирч, хөрөнгө санхүүгийн эргэлтийн тогтвортой байдлыг хангаж чадлаа.


Мөн нөгөө талаар Хятадын хөгжил өмнө нь тулгарч байгаагүй эрсдэл, сорилттой тулгарч байгааг бид харж байна. Гэхдээ Хятад улсад улс төрийн болон засаглалын өвөрмөц тогтолцоо, эдийн засгийн бат бөх үндэс суурь, асар том зах зээл, түг түмэн хөдөлмөрч ард түмний оюун билиг байгаа учраас Хятадын хөгжил итгэл найдвараар дүүрэн байна. Хятадын Засгийн газар ажил хэргээ улам сайжруулж, үүрэг хариуцлагаа чанд биелүүлж ард түмнийхээ итгэл, хүлээлтийг хөсөрдүүлэхгүйн төлөө бүх хүчээ дайчлах болно.


Энэ оны хөгжлийн зорилт хийгээд дараагийн шатны ажлын тухайд


БНХАУ Ши Жиньпингийн Шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг мөрдөж, чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох зорилгоо биелүүлэхээр ажиллана. Мөн халдварт өвчинтэй тэмцэх, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулах, шинэчлэлт, нээлттэй бодлогын хүчээр өндөр чанарын хөгжлийг ахиулах, томоохон эрсдэлүүдээс сэргийлэх, ядуурлаас ангижрах, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх зэрэг гурван том тулаанд ялалт байгуулах, дотоодын эрэлт хэрэгцээг өргөжүүлэх, эдийн засгийн хөгжил болон нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах зэрэг зорилгыг хэрэгжүүлж, бүх талаар чинээлэг нийгмийг цогцлооно.  


Хятад улс энэ оны эдийн засгийн өсөлтдөө тодорхой зорилт тавиагүй. Ингэснээр Хятадын Засгийн газарт иргэдийн амьжиргаа, ажил эрхлэлт, банк санхүү, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалах зэрэг нэн чухал ажлыг хийж гүйцэтгэхэд хүчээ төвлөрүүлэх  нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.


БНХАУ-ын гадаад харилцааны тухайд


2019 онд Хятадын гадаад харилцаа амжилтаар дүүрэн байлаа. Хятад улс “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны хоёрдугаар форум зэрэг гадаад харилцааны чухал үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулсан. Ши Жиньпин дарга зэрэг нам, төр засгийн удирдагчид олон оронд айлчилж, “Их хорь”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт, БРИКС-ийн удирдагчдын уулзалт, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт зэрэг томоохон үйл ажиллагаануудад оролцлоо. Дэлхийн засаглалын тогтолцооны байгуулалт, өөрчлөлтөд идэвхтэй оролцож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах ажлыг урагшлууллаа. Эдийн засгийн гадаад харилцаа, хүмүүнлэгийн солилцоо өндөр үр бүтээлтэй хөгжиж, Хятад улс дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг ахиулахад чухал хувь нэмрээ оруулсан байна.  


2020 он бол Хятадын хөгжлийн явц дахь чухал жил байх болно. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И “Хоёр чуулган”-ы үеэр сэтгүүлчидтэй уулзахад Хятадын гадаад харилцаа халдварт өвчний шинэ горимд зохицон, таван том зорилтод анхаарлаа хандуулж, шинэ амжилтуудыг гаргахыг онцолсон. Үүнд, нэгдүгээрт, дотоодын хөгжлийг бүх хүчээрээ урагшлуулах. Төрөл бүрийн гадаад харилцааны нөөц бололцоог ашиглаж, улсынхаа хөгжлийн томоохон стратегийн төлөө ажиллана. Хоёрдугаарт, үндэсний эрх ашгаа тууштай хамгаалах. Улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа тууштай хамгаалж, гадаадын хүчний Хятадын дотоод хэрэгт оролцох оролдлогоос урьдчилан сэргийлж, таслан зогсооно. Гуравдугаарт, түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэх. Их гүрнүүдтэй харилцааны тогтвортой, ахицтай байдлыг урагшлуулж, хөрш зэргэлдээ орнуудтай ашиг сонирхлын нэгдлийг гүнзгийрүүлж, хөгжиж буй орнуудтай эв санааны нэгдэл, найрамдлыг бэхжүүлнэ. Дөрөвдүгээрт, олон талт үзлийг тууштай хамгаалах. Ялангуяа дэлхий нийтийн эрүүл мэндийн тогтолцоог сайжруулж, хүн төрөлхтний эрүүл мэндийн нэгдлийг байгуулна. Тавдугаарт, олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлэх. Илүү олон оронтой урьдчилан сэргийлэх, хянах хамтын механизмыг байгуулж, халдварт өвчнөөс сэргийлэх, хянах олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, “Нэг бүс, нэг зам”-ын хүрээнд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх болно.

Холбоотой мэдээ