“COVID-19” халдвар оргил үедээ хүрэх болоогүйг анхааруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-02 12:57:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэмжээнд коронавирусний халдварын тоогоор АНУ, Бразил, ОХУ-д тэргүүлсэн хэвээр байгааг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

Тухайлбал, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн мэдээлснээр, даваа гарагт тус улсад 26 мянган хүн шинээр халдварлаж, 616 хүн нас баржээ. Нэгдүгээр сарын 20-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш АНУ-д нийтдээ 1.8 сая хүн халдвар авч, 104 мянга гаруй хүн нас баржээ. Халдварт хамгийн ихээр өртсөн Нью-Йорк мужид 371 мянга тохиолдол бүртгэгдэж, 29.8 мянган гаруй хүн эндсэн байна. Мөн халдвар 100 мянгыг давсан хэд хэдэн муж байна.

Харин Бразилд өчигдөр 12 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 526 мянга гаруй болжээ. Одоогийн байдлаар тус улсад 211 мянган хүн эдгэрсэн бол 215 мянган хүн халдвартай байна.


ДЭМБ-ын мэргэжилтнүүд Төв болон Өмнөд Америкт халдвар эрчимтэй тархаж байгаа бөгөөд оргил үедээ хүрэх хараахан болоогүй гэдгийг анхааруулсан байна. ДЭМБ-ын өчигдрийн хурлын үеэр шинжээчид шинэ коронавирусний халдвар дамжих замд өөрчлөлт ороогүй. Халдвараас хүн өөрийгөө сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь хүнээс зайтай байх, гараа сайтар савандаж угаах, нүүр амандаа бохир гараа хүргэхгүй байх, агааргүй орчноос зайлсхийх, амны хаалтаа тогтмол зүүх зэрэг ариун цэврийн энгийн дэглэмийг сахиж чадвал халдварын дэгдэлтийг зогсоож чадна гэдгийг онцолжээ.


Түүнчлэн ОХУ-д ирэх долоо хоногоос “Авифавир” эмийг халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд нэвтрүүлж эхэлнэ гэж  мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ