Махны үнэ 2000-2500 төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-04 23:10:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн "Шинэ-Алтай" захад махны үнэ өнгөрсөн сарын мөн үеийнхээс 2000-2500 төгрөгөөр нэмэгджээ. 


Тодруулбал, тус захад тавдугаар сарын эхээр хонины мах нэг килограмм бөөний үнэ 6800, жижиглэнгийн үнэ 7800 төгрөгөөр худалдаалж байсан бол зургаадугаар сарын дөрөвний байдлаар бөөний үнэ 8200-8500, жижиглэнгийн үнэ 9500 төгрөгт хүрчээ. Харин тус захад үхрийн мах 12000, ямааны мах 8000, тэмээний мах 7000, дотор гэдэс 5000 төгрөгөөр борлуулж байна.

Үнэ нэмэгдсэний учир шалтгааныг махны худалдаачид: “Бидэнд ченжүүд мал, махыг үнэтэй нийлүүлж байна. Бид 1000-1500 төгрөг нэмж л иргэдэд борлуулдаг. Энэ жилийн тухайд мах үнэтэй байгаа учир иргэдийн худалдан авах чадвар ч муудсан. Үүнтэй холбоотойгоор бид түрээсээ ч өгч чадахгүйд хүрээд байна” гэлээ. 

Харин иргэд: “Өдөр тутмын хэрэглээ болсон махны үнэ өссөн нь иргэд бидний амьдралд хүндээр тусч байна. Сард олдог хэдээ маханд л өгч байна даа” гэлээ. Махны үнэ намар буурч, өвөл хамгийн багадаа хүрч, хавар бага багаар өссөөр, зун хамгийн оргил цэгт хүрдэг хэмээн мах нийлүүлэгчид онцлон хэлсэн юм.


Холбоотой мэдээ