“Open mind” боловсролын яармаг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-09 19:03:58

Жил бүрийн хавар Дундговь аймагт зохион байгуулж хэвшээд байгаа “Open mind” боловсролын яармаг энэ сарын 13-нд болох гэж байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Боловсрол, соёлын газрын даргаар ахлуулан байгуулжээ.

“Open mind” нь Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилготой бөгөөд төгсөгчид тус яармагаас их, дээд сургуулиудын сургалтын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл авч, суралцах сургууль, мэргэжлээ сонгодог. Төгсөгчдөд мэдээлэл хүргэхээр Улаанбаатар хотын их, дээд сургуулиудын төлөөлөл хүрэлцэн ирдэг юм.  

Энэ удаагийн боловсролын яармаг урьд урьдынхаас ямар онцлогтой болох талаар зохион байгуулах ажлын хэсгийн дарга Ц. Бумангэрэлээс тодруулахад, “2017- 2018 оны хичээлийн жилээс эхлэн ЕБС- иуд ахлах сургуулийн хэв шинжид шилжинэ. Өөрөөр хэлбэл 9 дүгээр анги төгсөгчид ирээдүйд эзэмших мэргэжлийнхээ дагуу ахлах ангидаа хичээлээ сонгож судалдаг болох юм. Үүний туршилт болж энэ хавар 9 дүгээр анги төгсөгчид хичээлээ сонгоно. Хичээлээ сонгоход нь туслах зорилгыг “Open mind” агуулж байгаа нь энэ удаагийн боловсролын яармагийн онцлог” гэлээ.

Энэ хавар Дундговь аймагт ЕБС төгсөх 480 гаруй суралцагч байна. Үүнээс гадна 9 дүгээр анги төгсөх 218 суралцагч бий бөгөөд тэд ахлах ангид судлах хичээлээ энэ хавар сонгох юм байна.

T. Отгонтуяа

Холбоотой мэдээ