“Disney” Калифорни дахь паркуудаа нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-06-11 14:12:57

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын “Walt Disney” компани Калифорни муж улс дахь сэдэвчилсэн паркуудаа ирэх долдугаар сарын 17-ноос нээхээр төлөвлөж, муж улс, орон нутгийн эрх баригчдаас зөвшөөрөл хүсжээ.


Калифорни муж улсын Анахайм хотод байрладаг паркуудыг халдварын тархалтыг хязгаарлах үүднээс өнгөрсөн гуравдугаар сарын 14-нөөс хаасан юм. “Disney” мөн Анахайм хот дахь “Grand Californian” зочид буудал, спа, “Paradise Pier” зочид буудлаа долдугаар сарын 23-наас нээхээр төлөвлөж байна.


Disney” компанийн мэдээлснээр, “Disneyland” паркаар үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлахын тулд урьдчилан захиалга авч, хүмүүс олноор цугларан үздэг баярын жагсаал, шөнийн үзүүлбэрүүдийг түр хугацаагаар зохион байгуулахгүй ажээ.


“Олон нийтийн цуглааныг хориглосон хязгаарлалтууд цуцлагдах үед үйлчлүүлэгчид халуунаа шалгуулан сэдэвчилсэн паркуудаар үйлчлүүлэх боломжтой болно” гэж “Disney” компанийн гүйцэтгэх захирал Боб Айгер өнгөрсөн дөрөвдүгээр сард ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.


БНХАУ-ын Шанхай хот дахь “Disneyland” өнгөрсөн тавдугаар сард нээгдсэн бөгөөд уг парк нь гурван сарын турш хаалттай байсан юм. 

Холбоотой мэдээ