Японы парламент цар тахлын үед эдийн засгаа дэмжих хоёр дахь нэмэлт төсвийг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-06-12 14:39:10

ТОКИО. /NHK/. Японы парламентын дээд танхим коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, компаниудыг дэмжихэд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр болох хоёр дахь нэмэлт төсвийн төслийг баталжээ.


Ингэснээр 31.9 их наяд иен буюу 296 орчим тэрбум ам.долларын нэмэлт төсөв албан ёсоор батлагдаж буй юм. Уг төсвийг парламентын гол танхим болох доод танхим зургадугаар сарын 10-нд баталжээ. Хоёр дахь нэмэлт төсөв батлагдсанаар цар тахлын үед үндэсний эдийн засаг болон иргэдийг дэмжих багцын хэмжээ 117.1 их наяд иен буюу 1.1 их наяд орчим ам.доллар болсон байна.  


Японы эрх баригчид коронавирусний цар тахлын нөхцөлд улс орныхоо эдийн засгийг дэмжих зорилгоор энэ оны санхүүгийн жилийн эхний нэмэлт төсвийг дөрөвдүгээр сарын сүүлээр баталсан юм. Түүний хэмжээ 25.6 их наяд иен буюу 237 тэрбум ам.доллар байв.


Хамгийн сүүлийн мэдээллээр, Японы нутаг дэвсгэрт коронавирусээр халдварласан хүний тоо “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид, багийн гишүүдийг оруулаад 18 мянга давж, 935 хүн нас барсан бол 16 мянга гаруй хүн эдгэрчээ.


 


Холбоотой мэдээ