Эрүүл, аюулгүй, ээлтэй ирээдүйг цогцлооход таны идэвх зүтгэл хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын үед амьдралын “шинэ хэв маяг”-т дасан зохицохын тулд дэлхийн олон улс орон, түүний дотор Монгол Улс амаргүй шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж байна. Улс орнууд өвчний дэгдэлтийн эхэн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ дүгнэж, алийг нь сулруулж болохыг судалж байна.
Коронавируст халдварыг хянах арга хэмжээг хэрэгжүүлээд нэлээд хугацаа өнгөрчээ. Гэвч энэ өвчнийг үүсгэгч нь шинэ вирус учраас бид явцын дунд туршлагаасаа суралцан ажиллаж байна. Вирус дотоодод тархаж эхэлбэл өмнө нь сулруулсан арга хэмжээг эргэн чангатгах шаардлага гарч болзошгүй. Ийм нөхцөлд бид уян хатан байж, нөхцөл байдал хэрхэн өрнөхөөс хамаарч нотолгоонд тулгуурлан шийдвэр гаргаж, үүнийг даван туулахын тулд бүгд хамтран ажиллах нь чухал юм.
Монгол Улс амаргүй боловч чухал шийдвэрийг гаргаж, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн улс орнуудын нэг юм. Өнгөрсөн хугацаанд Та бидний гаргасан хүчин чармайлт олон зүйлийг өөрчилсөн.
Сургууль, цэцэрлэгийг хааж, олон нийтийн болон соёлын арга хэмжээг хойшлуулан, зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Эдгээр арга хэмжээг та бүгд чанд сахин мөрдсөнөөр коронавируст халдвар тархах, эрүүл мэндийн байгууллагын ачаалал хэтрэхээс сэргийлж чадсан билээ.
Гэвч “хязгаарлалтын” арга хэмжээ нь олон сая хүний амьдралд хүндрэл учруулж, эдийн засаг, нийгмийн салбарт сөрөг үр дагавар үзүүлж байна. Маш олон хүн ажилгүй болсны улмаас гэр бүлээ тэжээх боломжгүй болж, үүнд ялангуяа эмзэг бүлгийн хүмүүс хамгийн ихээр өртөж байна. Коронавируст халдварын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж “амин чухал” үүрэг гүйцэтгэж байгаа эрүүл мэндийн ажилтнууд бидний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд цаг наргүй ажиллаж байна.
Хязгаарлалтын зарим арга хэмжээг аажмаар сулруулж байгаа нь вирустэй хийх бидний тэмцэл дууслаа гэсэн үг биш юм. Харамсалтай нь, энэ тэмцэл удаан үргэлжилнэ. Вирус бүрэн устаагүй, аюулгүй, үр дүнтэй вакцин хүн бүрт хүртээмжтэй болоогүй цагт дэлхийн нэг ч улс оронд аюулгүй гэх баталгаа байхгүй.
Нийгмийн эрүүл мэндийг хамгаалж, коронавируст халдварын шинэ давалгаанд бэлэн байдлаа хангахын зэрэгцээ эдийн засаг болон иргэдийн амьдралыг сэргээх сорилт бидний өмнө тулгарч байна. Эдгээрээс аль нэгийг сонгох нь буруу. Нийгмийн бүх салбар хамтран ажиллах замаар хүн амын эрүүл мэнд болон эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах шаардлагатай.
Эрүүл мэнд болон эдийн засгийн шинжээч судлаачид улс орны өмнө тулгарч байгаа хүндхэн шийдвэрүүдийг гаргахдаа олон нийт, ажил эрхлэгч нарыг сонсож хамтран гаргах нь зүйтэй.
Ийм хамтын ажиллагааны үр дүнг бид нэгэнт хараад эхэллээ. Коронавируст халдвар дэгдэж байгаа энэ амаргүй цаг үед шинэ бүтээлч санаачилгууд гарч байна. Тухайлбал, хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс эхлээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртэл олон бүтээгдэхүүн, үйлчилгээг хүмүүсийн гэрт хүргэж эхэллээ. Эдгээр шинэ санаачилгын зарим нь бидний удаан хугацаанд шийдвэрлэж чадахгүй байгаа асуудал, тухайлбал урьд нь хүрч чадахгүй байсан хүн бүрт хүрч үйлчлэх шийдлийг бий болгож байна.
Олон нийтийн газар зай барих, гараа савандаж угаах, халдваргүйжүүлэх, өвчний шинж тэмдэг илэрсэн бол гэртээ байх зэрэг коронавируст халдвараас сэргийлэх дадлыг хэвшүүлснээр амьдралын “шинэ хэв маяг” бий болж байна.
Гэхдээ энэ нь зан үйл, хэвшлээ өөрчлөх төдий бус харин хандлагаа өөрчлөх тухай асуудал юм. Өөрийн төдийгүй гэр бүл, хамт олон, олон нийтийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө хувь хүн бүр хариуцлагатай байх нь “шинэ хэв маяг” юм. Шинжлэх ухааны мэдээллийг чих тавин сонсохын зэрэгцээ урьдчилан сэргийлэх арга стратеги хувьсан өөрчлөгдлөө ч өөрсдийн эргэн тойронд байгаа эмзэг, эрсдэл өндөр бүлгийн хүмүүст үргэлж дэмжлэг үзүүлэх нь хүн бүрийн үүрэг юм.
Номхон далайн баруун бүсийн улс орнуудад гэр бүл, хамт олон, бие биенээ туслан дэмжих соёл дэлгэрсэн байдаг. Хүнсний худалдагчаас эхлээд багш, ерөнхий сайд хүртэл Монгол хүн бүр сэрэмж, идэвхээ алдахгүй байхыг би Та бүхэнд уриалж байна. Бид урьд урьдынхаасаа илүү их эв нэгдэл, сонор сэрэмжтэй байж тэвчээртэй хандах шаардлагатай болж байна.
Ажил, амьдрал, харилцааны шинэ хэв маягт дасан зохицох үйл хэрэгт та бүхэн ч бас нэгдээрэй. Хүн бүр өөрт ногдсон үүрэг хариуцлагыг хэр сайн биелүүлэхээс эдийн засаг, нийгмийн амьдралыг хохирол багатай сэргээж чадах эсэх нь хамаарна. Эцэст нь Номхон далайн баруун бүсэд эрүүл, аюулгүй, ээлтэй ирээдүйг үргэлжлүүлэн цогцлоох эсэх нь та бид бүгдээс хамаарна гэдгийг онцлохыг хүсэж байна.