Улаанбурхан өвчний тохиолдол долоо хоногт 16 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2016-05-10 13:49:56

Улаанбурхан өвчний байдал, уг өвчний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Энэ сарын 6-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 19194 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 16 хувиар буурчээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус төвд 1742 өвчтөн хандсаны 1195 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй, 221 нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 0-1 насны 15 хүүхэд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм байна.

Уг өвчлөлийн тархалтыг зогсооход зориулж Засгийн газраас өнгөрөгч гуравдугаар сард нэмэлт вакцин болон эмчилгээний тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгийг шийдвэрлэсэн. Энэ шийдвэрүүд эхнээсээ ажил хэрэг болж ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт улаан бурхан өвчний эмчилгээнд зориулсан 350 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг өнгөрөгч долоо хоногт иж бүрнээр нь угсран бэлэн болгож, ашиглаж эхэлсэн байна. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх 627.500 хүн/тун вакциныг хүлээж авсан байна. Энэ вакциныг 18-30 насныханд энэ сарын 12-ны өдрөөс хийж эхлэх юм. Мөн иргэд өөрийн хүсэлтээр вакцинжуулалтад хамрагдах боломжтой бөгөөд харин улаанбурхан-улаануудын эсрэг вакциныг жирэмсэн эхчүүд хийлгэдэггүй юм байна.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ