Улиастайд ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, услалтын ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-16 09:47:13

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв, Улиастай сум нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн услалтын системийг ашиглалтад оруулсан тухай мэдээлэв.

Тус ажлыг Эко Завхан хөтөлбөрийн хүрээнд Улиастай сумын ЗДТГ, Тэсийн бүрд ХХК-тай хамтран хийж, төвийн хэсгийн ногоон байгууламжийн услалтын системийн эхний ээлжийг ашиглалтад оруулжээ. Услалтын системийн эхний ээлж ашиглалтад орсноор Жавхлант толгойн "Гүдэн цогцолбор" дахь ногоон байгууламжийн 350 гаруй мод, бут хоёр га талбайн зүлгийг байнгын усалгаатай болгожээ. Услалтын системийн хоёрдугаар ээлж ашиглалтад орсноор гудамж төслөөр хийсэн төв зам дагуух 200 гаруй гоёлын мод, бутыг бүрэн услах боломжтой болох юм.

"Гүдэн цогцолбор" дээр байгуулсан услалтын систем нь цахилгааны эх үүсвэрээр ажилладаг. Улиастай суманд зам засвар, ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, ид хийж буй энэ үед иргэд маань соёлтой хандаж, мод бутыг таслахгүй, хогоо хаяхгүй байхыг уриалж байна.

Мөн мал бүхий өрхүүд ногоон байгууламж бүхий газруудаар малаа бэлчээхгүй байхыг сануулж байна. Мөн манай Ногоон байгууламжийн албанаас Богдын гол багт байрлах нийтийн сууцны гадна талбайн зүлгийн нөхөн тарилт, төв цэцэрлэгт хүрээлэнгийн зүлэгжүүлэлт, хоёр багийн автозам дагуух модыг нөхөн тарьж хайс хамгаалалтыг засварлан, будаж өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг хийгээд байгаа. Тиймээс иргэн бүр зүлэг, мод тарьж, нөхөн сэргээлт хийж хашиж хамгаалсан газруудын ногоон байгууламжийг хамгаалахад анхаарал тавьж хамтран ажиллахыг хүсэж байна хэмээн Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ