Цагаан-Уул сумаас цэвэр усны нөөц илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 17:25:33

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын иргэд чанар муутай, хатуулаг ихтэй чанарын шаардлага хангахгүй ус ундандаа хэрэглэдэг учраас зүрх судас, ходоод, гэдэсний өвчлөл хамгийн их байдаг байна. Харин саяхан Цагаан-Уул сумын төвийн таван толгойн өвөрт Эрдэнэдриллинг компани өрөмдлөг хийж 98 метрийн гүн боржин чулуун давхрагаас сайн чанарын ус гаргажээ.

Тус ус нь амт үнэргүй, хоолны мах улайхгүй, цай сүлэхэд хэвийн байгаа тул дээжийг нь шинжилгээнд явуулжээ. Шинжилгээний хариу нааштай ирвэл Цагаан-Уул сумын иргэдийн олон жилийн хүсэн хүлээсэн цэвэр ус хэрэглэх боломж бүрдэх гэнэ.

Сумын иргэдийг цэвэр усаар хангах зорилгоор үе үеийн удирдлагууд санаа тавьж УИХ-ын гишүүдэд хүсэлт тавьсаны дагуу ус цэвэршүүлэх төхөөрөмжийг авч тавьж байсан боловч удалгүй эвдэрч  ашиглагдахаа больжээ. Нутгийн зарим иргэд урин дулааны цагт 20 гаруй километрийн цаанаас зөөвөрлөж ирсэн усыг 5 төгрөгөөр худалдан авдаг боловч хүрэлцээ муу тул хатуулагтай усаа ихэнх өрхүүд хэрэглэдэг аж.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Холбоотой мэдээ