Оюутныг цагаар хөдөлмөр эрхлэхэд баримтлах журам батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, 100 ба түүнээс дээш ажилтантай хувийн хэвшлийн байгууллага ажилтныхаа 5 хувьтай тэнцэх орон тоог оюутанд зориулах Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг хэрэгжүүлэх журмыг баталлаа.
Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны хүн амын 47.5 хувийг залуус эзэлж байна. Нийслэлд залуусын 39.2 хувь, орон нутагт 22.2 хувь нь л хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт аж. Судалгаагаар 10 оюутан тутмын 7 нь цагийн ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтойгоо илэрхийлсэн байна. Иймд холбогдох хуулийн заалт болон нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн дээрх журмыг боловсруулжээ.
Журамд оюутныг цагаар хөдөлмөр эрхлэхэд баримтлах зарчим нь оюутны хүсэл, сонирхол, сонголт, хэрэгцээнд тулгуурласан байх, тухайн ажлын үнэлгээнд тохирсон цалин хөлстэй байхаар заажээ. Мөн оюутны эрүүл мэнд, аюулгүй байдал, бие хүний төлөвшил хичээл сургалтад сөргөөр нөлөөлөхгүй байхаар нарийвчилсан зохицуулалт тусгасан байна. Ингэхдээ хичээлийн бус үед тогтоосон цагийн хязгаар дотор ажиллах, судалгаа шинжилгээний ажилд оролцох, бие даан бүтээл туурвих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх замаар орлого олох боломжтой байхаар зохицуулжээ. Мөн ажил олгогч болон их, дээд сургуулийн эрх үүргийг зохицуулж, цагаар хөдөлмөр эрхлэх оюутнуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг үүгээр зохицуулах юм.