Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан саналаа өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны сонгуулийн 23 дугаар тойрог, Налайх дүүргийн гуравдугаар хороо буюу 18 дугаар хэсэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан гэр бүлийн хамт саналаа өглөө.
Энэ үеэр тэрбээр хэлэхдээ, "Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох сонгуульд нийслэлийн иргэд идэвхтэй оролцож байгаа нь анзаарагдлаа. Сонгогчид иргэний эрх, үүргээ сайн ухамсарлаж, улс орныхоо хувь заяаг шийдэх чухал ажилд идэвхийлж байгаад баяртай байна. Энэ удаагийн сонгууль нь намчирхах бус, ажил хэрэгч санал, санаачилга гаргаж бодит бодлого шийдэл, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ илэрхийлсэн онцлогтой байлаа" хэмээгээд нийслэлийнхэндээ сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриаллаа.
Ташрамд дурдахад, УИХ-ын 21 дүгээр тойрог буюу Налайх, Багануур, Багахангай дүүргийн сонгогчдын нэрсийн жагсаалтад сонгуульд оролцох насны нийт 45 451 иргэн бүртгэгджээ. Үүнээс 12.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 22.2 хувьтай байна.