УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт дууслаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 ээлжит сонгуулийн санал хураалт 22.00 цагт дуусаж, 29 тойргийн 2070 хэсгийн хорооны санал хураалтын дүнг СЕХ нэгтгэж байна. Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ.
Хэсгийн хороодын дүн мэдээг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хэвлэж өгсний дараа СЕХ-ны серверт дамжуулах ажиллагаа эхэлнэ гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллийн эхэнд тайлбарлав. Уг дүнг нэгтгэж СЕХ сонгуулийн дүнг гаргаж байгаа юм. Дээрх 2070 хэсгийн хорооны 400 гаруй нь сүлжээнд холбогдоогүй тул дүн дамжуулах ажил саатах магадлалтай гэдгийг тэрбээр тэмдэглэв. Учир нь бороо, аянга, мөндөр ихтэй байгаагаас хамаарч сүлжээтэй газар руу тээвэрлэхэд хүндрэл үүсэж болзошгүй. Гэхдээ УОК-оос шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг тодотголоо.
Увс аймгийн гурав, Сэлэнгэ аймгийн хоёр санал авах байранд аянга буусны улмаас санал хураах төхөөрөмж эвдэрсэн ч СЕХ-ны мэдээлэл технологийн мэргэжилтнүүд засварлаж саатлыг арилгажээ. Түүнчлэн Хэнтий аймгийн Мөрөн сумын нэг санал авах байр үерийн усанд автаад байгаа аж.
Тун удахгүй санал хураалтын дүн мэдээг нэгтгэсний дараа танилцуулах болно.