Үерийн улмаас 3548 айл өрх гэрэл цахилгаангүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-25 23:05:26

Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ сарын 24-ний өдөр 1 цаг 10 минут орчим үргэлжилсэн 44 мм-ийн зузаантай хур тунадас орсны улмаас Хэрлэн сумын нийт нутгийн 80 хувь нь усанд автжээ.

Улмаар Чингис хотын үерийн усны далан 8-9 газраар сэтэрч, 149 айл өрх, 15 аж ахуйн нэгж, байгууллага, 9 орон сууцны подвал усанд автаж, 7 автомашин шаварт сууж, 3548 айл өрх гэрэл цахилгаангүй байна.  Чингис хотын 1000 өрхийн 4000 гаруй иргэн усанд автсан байдалтай байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Хэнтий аймагт ажиллалаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 10 тн ариутгалын бодис, 3 бохирын машин, ариутгалын 2 машин, шуурхай албаны пургон автомашин, завийг Хэнтий аймагт ажиллуулахаар болжээ. Мөн ОБЕГ-аас Хэнтий аймагт эрсдэлийн үнэлгээ хийх баг маргаашнаас ажиллаж эхлэх юм байна. Одоогийн байдлаар Үндэсний аврах бригад, Багануур дүүрэг, Бэрх, Бор-Өндөр Аврах ангийн онцгой байдлын алба хаагчдын 100 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллаж байна.


Холбоотой мэдээ