Баяр наадмыг ариутгал халдваргүйтгэлийг дээд зэргээр сахиж зохион байгуулна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-06-27 11:22:29

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн баяр наадмын комисс хуралдаж, наадмыг хэрхэн тэмдэглэх талаар хэлэлцэж өсвөрийн хүүхдийн бөхийн барилдаан, өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын болон шагайн харваа, уяачдын баяр зэргийг явуулахгүй байхаар болжээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 01 дүгээр тогтоолд зааснаар үндэсний баяр наадмыг тэмдэглэхдээ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх нийтлэг шаардлагыг ханган, аль болох хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар болжээ. Мөн иргэдэд радио телевизээр болон цахимаар шууд дамжуулан үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухай ажлын хэсэг шийдвэрлэжээ.

Аймаг сум, дүүргийн баяр наадмыг долоодугаар сарын 11-12-ний өдрүүдэд зохион байгуулахыг аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Энэхүү тогтоолын хүрээнд аймгийн баяр наадмын комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Тухайлбал аймгийн баяр наадмын нээлтийн ажиллагааг 7 дугаар сарын 11-ний өдрийн 09 цагт Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болов. Ингэхдээ олныг хамарсан өргөн  хэмжээний соёл урлагийн арга хэмжээ,  цэргийн жагсаал, ёслолын буудлага үйлдэхгүй байх  нийтлэг шаардлагад нийцүүлэн цомхон хэмжээнд зохион байгуулахаар болов. Түүнчлэн бөхийн барилдааныг долоодугаар сарын 11-ний өдөр барилдуулж, цол, чимэг олгох шагнал гардуулах үйл ажиллагаатай хамт мөн өдрөө дуусгахаар болов.

Харин хурдан морины уралдааныг долоодугаар сарын 12-ны өдөр Донойн хөндийд зохион байгуулж дуусгах. Түүнчлэн үзэсгэлэн худалдааг аль болох цомхон, ариутгал халдваргүйтгэлийн нөхцөлийг ханган гаргахаар болжээ.

Баяр наадмын үйл ажиллагааг цахимаар иргэдэд үзүүлэх боломжийг бүрдүүлэх. Наадамчин олонд амны хаалт зүүх, хоорондын зайг барих зэрэг цар тахлын үеийн дэглэм сахихыг сурталчлахаар болов. Бөхчүүд, сур харваачид, уяачид, морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, асуулга авч, биеийн халууныг хэмжиж, халдвар хамгааллын дэглэм сахиулж, мэргэжлийн байгууллага байнгын хяналт тавьж ажиллахаар тус тус шийдвэрлэсэн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ