УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг УИХ-ын даргад өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-29 14:11:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийг зохион байгуулж явуулсан талаарх дүнг СЕХ-ноос УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барив.


СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудын дагуу хуулийн хүрээнд  СЕХ амжилттай зохион байгуулсныг танилцууллаа.


Хуульд заасны дагуу ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсааж хуралдаанаараа хэлэлцээд хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож өнөөдөр үнэмлэхийг нь олгосон гэлээ. 



УИХ-ын дарга Г.Занданшатар найм дахь УИХ-ыг сонгох ээлжит сонгуулийг хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулсан СЕХ-ны бүх гишүүн, нийт хамт олон талархал илэрхийлээд, сонгуулийн зарим хэсэгт хийсэн хяналтын тооллогын үр дүнгийн талаар тодруулав. 


СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын даргын асуултад хариулахдаа, санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй түүврийн аргаар сонгож, хяналтын тооллого хийхээр хуульд заасны дагуу зургаадугаар сарын 24-ний 22.00 цаг болмогц сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажиглагчдаар сум, дүүргийн харьяа хэсгийн дугааруудыг сугалуулан сонгогдсон хэсгүүдэд хяналтын тооллого явуулсан.


Сонгуулийн 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод мэдээлсэн.


Харин УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбогдуулан зарим нам, эвсэл, нэр дэвшигчдээс Ерөнхийлөгч болон СЕХ-нд хандаж гаргасан гомдол, Ерөнхийлөгчөөс СЕХ-нд өгсөн үүрэг даалгаврын дагуу сонгуулийн 12 тойргийн 164 хэсэгт нэмэлт хяналтын тооллого хийхэд санал хураалтын дүнтэй тохирсон. Ямар нэг зөрүү гараагүй.


Нэмэлт хяналтын тооллогыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн 645 ажиглагчийг оролцуулан цагдаагийн хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтын дор зохион байгуулсан. Гомдол гаргасан нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн ажиглагчид хяналтын тооллогын дүнг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Мөн сонгуулийн 164 хэсэгт нэмэлт хяналтын тооллогыг зохион байгуулах ажилд төрийн 2247 албан хаагч оролцсоныг дурдав.

Холбоотой мэдээ