Г.Баатарчулуун: Барагцаагаар би 60-аад мянган мэдээ бичсэн

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-06-29 18:03:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын 20 дугаар зууны социалист нийгмийн тогтолцоот /1921-1991 он/ 70 гаруй жилд Монгол оронд болон дэлхий дахинд өрнөсөн цаг үеийн мэдээ, мэдээллийг шуурхай хүлээн авч, түгээх хариуцлагатай үүргийг МОНЦАМЭ агентлаг нэр төртэй гүйцэтгэж байлаа.


Тухайн үеийн сонин, сэтгүүл, радио, телевиз бүгд л Монголын Цахилгаан Мэдээ буюу  МОНЦАМЭ агентлагаас гаргасан мэдээллийг иш татаж мэдээлдэг байв. Зуу шахам жилийн түүхтэй үндэсний мэдээллийн ууган агентлагт амьдралынхаа 35 жилийг зориулж “МОНЦАМЭ-гийн хурдан цагаан” хэмээн нэрлэгдсэн, өдгөө 93 настай, ахмад сэтгүүлч Гажидын Баатарчулууныг агентлагийнхаа хойморт залж ийнхүү ярилцлаа.


-Та хэдэн онд, хаана төрсөн гэдгээс ярилцлагаа эхэлмээр байна?


-Миний бие 1928 оны шар /шороо/ луу жилийн зуны эхэн сарын шинийн нэгэнд /5 дугаар сар/ Богдхан уул аймгийн Дэлгэрхангай уулын хошуу /одоогийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Их шанхай уулын Цагаан хад гэдэг газар малчин эмэгтэй Гаажидын 9 дүгээр хүү болж төрсөн билээ. Би чинь ингэний сүүгээр амлуулж өссөн, тэмээний сүүний тэжээвэр хүүхэд юм. Гурван наснаасаа хурга, ишиг хариулж, чулуун тоглоомоор тоглож, 15 нас хүртлээ говь нутагтаа мал малласан. Тухайн үед дөнгөж л Ардын засаг тогтоод байсан үе гэхээр бидний аж амьдрал, нийгмийн хөгжил ямар байсан нь ойлгомжтой.


-Танайх хэр олон малтай, ямар айл байв. Хэдийнээс бичиг үсэг сурч, эрдэм номын хүн болох замыг сонгосон бэ?


-Манайх 5 хошуу малаас үхрээс бусад 300 гаруй хонь, 70-80-аад ямаа, тус бүр 50, 60-аад тэмээ, адуутай байсан маань, тэр үедээ л дунд зэргийн баян айлдаа орж байлаа. Би бүр 12-13 наснаас л морь уургалж эмнэг сургасан. Миний ээж 13 хүүхэд төрүүлээд 6 нь эндэж, 7 хүүхэдтэй өсгөсөн. Тэр үед сайн дурын 3 сарын сургууль гэж суманд байгуулж хүүхдийг хүчээр оруулж байлаа. Түүнд 1938, 1939 онд би суралцаж монгол бичиг, 4 аргын тоо заалгасан. Дараа нь сумандаа шинэ үсгийн бүлгэм байгуулахад 30 хоног суралцаж кирилл үсэг сурсан юм. Манай ээж өрх толгойлсон эмэгтэй бөгөөд нийгмийн их идэвхтэй хүн байсан. Тэр үед ээж “Ардын эрх” сонин захиалж авдаг байлаа. Тэгээд гэртээ болон ойр хавийн айлуудаар очиж надаар сонин уншуулна. Мөн багийн хурал дээр би сонин уншиж айл хотлынхондоо хол, ойрын сонин мэдээ сонсгодог байлаа. Бас цэрэгт мордсон нутгийн залуусын захиаг би уншиж өгч, хариу захиаг нь бичдэг байлаа. Гурван ах маань бидэнтэй хамт байж байгаад, дараа нь ийш тийш явсан, нэг ах маань лам болсон. Намайг сургууль явах үед ээж маань эгч, нэг ахтай маань үлдсэн юм.




-Танд сургуульд сурах боломж хэрхэн тохиож байв?


-Би сургуульд сурч эрдэм номтой хүн болохыг их хүсдэг байлаа. Тэгээд 15 настайдаа 1943 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлд элссэн юм. Харин тэр намраа ээжийнхээ ивээл буянаар Улаанбаатарт Санхүүгийн сургуульд сурсан даа. Би зуны амралтаараа хөдөө гэртээ очиж малаа малладаг байв. Сургууль төгсөх сүүлийн жилээ ар гэрийн гачигдлаар жилийн чөлөө авч гэртээ харьж мал малласан. Тэгээд ах маань цэргээс халагдаж ирээд би зөрөөд сургуульдаа орсон.



Хэрвээ би, 1947 онд төгссөн бол Эрхүү явж сурах байсан юм билээ. Тухайн үед би нэлээн онгироо дэврүүн, юм юм л сонирхдог, нийгмийн их идэвхтэй хүүхэд байж. Тэр зан чанар маань ч их дэм болсон гэж боддог. Биеийн тамирт их сайн байж, модон морин дээр 20 малгай давхарлаж тавьж байгаад л харайчихдаг. Ер нь багаасаа ном унших, шүлэг зохиол цээжлэх дуртай хүүхэд байлаа.



-Та бас утга зохиолын дугуйланд явж байсан гэдэг?


-Манай санхүүгийн сургуульд зохиолч Ц.Уламбаярын удирддаг утга зохиолын дугуйланд Ц.Гайтав, Б.Явуухулан нартай хамт утга, уран зохиолын анхны мэдэгдэхүүнтэй болж, суралцаж байлаа. Санхүүгийн техникум төгсөх жил Ц.Гайтав бид 2 нэг ширээний ард тохой нийлүүлэн сууж байснаа дурсахад үнэхээр бахархалтай байдаг. Тэр үеийн ангийн нөхдөөс хамгийн сүүлд Паавангийн Дамдин /ХХҮХАА-н сайд асан/ байж байгаад, саяхан бурхан боллоо доо.


-Та сургууль төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байв даа?


-Говийн малчны хүү 20 насандаа 1948 онд МАХН-ын гишүүн болж, санхүүгийн дунд мэргэжил эзэмшиж улс орондоо бие сэтгэл, мэдсэн сурснаа зориулж эхэлсэн. Намайг төгсөхөд Сангийн яаманд хуваарилсан. Би ч дотроо хаашаа томилох бол гээд түгшиж байсан. Тухайн үед миний сурсан мэргэжил их эрэлттэй байсан. Өнөөгийн Санхүү, эдийн засгийн дээд сургууль эндээс л эхтэй юм шүү дээ. Би 1948-1951 онд Сангийн яамны Хянан байцаах газарт байцаагч болж, анх удаагаа төрийн хариуцлагатай алба хашиж, төрийн түшмэдийн цалин авч, улс орондоо оюуны хүчээ өгсөн юм байна. Дөнгөж ормогц 350 төгрөгийн тэтгэмж, тэгээд сарын 350 төгрөг, дэвшээд 450 төгрөгийн цалинтай болсон. Би ч сайн ажиллаж олон ч санхүүгийн зөрчил илрүүлсэн. Сангийн яамны сайд Д.Моломжамц дарга байлаа. Тэр хүн намайг их тоодог байв. Баатарчулуун чи орон нутагт очиж ажилла, Төв, Хөвсгөл аймагт хоёр ч удаа Санхүүгийн хэлтсийн дарга бол гэсэн. Очоод 2 жил ажиллаад дээд сургуульд яв гэхэд би татгалзсан юм.  Тэгэхэд дарга жаахан ундууцсан. Би намын сургуульд орох хүсэлтэй байсан юм. Харин Д.Моломжамц гуай намайг тэр даргынхаа сургуульд ор гээд сургуульд явахыг зөвшөөрсөн.



Эндээс би маш их зүйл сурч мэдсэн дээ. Бидний үеийнхэн маш их нийгмийн идэвхтэй, дэврүүн хөөрүү, зоригтой байж, МХЗЭ-ийн гишүүн бол намын дайчин туслах учраас бүхний түрүүнд л явна шүү дээ. Миний анхны хань тэр үед манай санхүүгийн сургуулийг төгсөөд Монгол банканд ажилд орсон байсан юм. Тэгээд бид хоёр 1951 онд Намын дээд сургуульд хамт элссэн.


-Намын сургуулиа төгсөөд хаана хувиарлагдаж байв. МОНЦАМЭ-д бол, дахин шинээр байгуулагдахад нь орж байсан гэдэг байх аа?




-Сүхбаатар аймагт 3 жил Эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байгаад 1958 оны 7 дугаар сарын 5-наас Төв хорооны даалгавраар МОНЦАМЭ-д тоймч сурвалжлагч, намын үүрийн даргаар томилогдсон. Тэр үед МОНЦАМЭ дөнгөж дахин байгуулж байсан учраас жаахан хатуу хяналт хэрэгтэй гээд л ажил сайжруулах үүрэг өгсөн юм. Манай дарга Зундуй гэж орос хэлтэй мундаг хүн байсан. Тэр үед МОНЦАМЭ-д 70 шахам хүн ажиллаж байлаа. МОНЦАМЭ дөнгөж байгуулагдаад удаагүй, бас ажилтнууд нь сайн төлөвшөөгүй, архи дарс уудаг гэсэн мэдээлэл байсан. Энэ бүхнийг засаж, залруулах даалгавар авсан юм. Манай албанд хөдөө ажиллаж байгаад ирсэн туршлагатай хүнийг авна. Хэд хоног ажиллуулж байгаад нэг бол тэндээ ажиллуулна, эсвэл дээш, доош нь явуулна, нэг бол бүр ажлаас хална. Манай цаг үе, мэдээллийн алба бол улс орны бүх л үйл явдлын мэдээг шуурхай мэдээлж, “Үнэн” сонин, Монголын радиод мэдээ бэлтгэж өгдөг болохоор завгүй, их ажилтай байсан. Бид бүгдээрээ л их ч суралцаж, мэргэшсэн мэдээний хүмүүс болж байсныг дурсахад сайхан байна.




-Та МОНЦАМЭ агентлагийн захиалгаар Москвагийн Улсын Их сургуульд суралцахаар явсан гэдэг. Яг хэдэн онд билээ?  


-Би 1963-1968 онд Москвагийн Их сургуульд сэтгүүлчээр суралцаж төгсөөд МОНЦАМЭ агентлагтаа буцаад ирсэн дээ. Тэр үед манай МОНЦАМЭ, Монголын радио хоёр хамт байсан бөгөөд радиогоор өдөртөө 8 удаа бидний бэлтгэсэн мэдээг нэвтрүүлнэ, түүнийг нь би явж сурвалжилж хийнэ. Цаг тутамд нь шинэ мэдээллээр хангах үүрэгтэй. За бас сонины тойм, 7 хоногийн тойм хийнэ. МОНЦАМЭ-гийн сүүлийн үеийн мэдээний алба /Дотоод мэдээ/-нд 10-аад залуу ажиллаж байв. Тэднээс 2-3 нь л эмэгтэй. Эх орноо сурталчлах, сурвалжлах чиглэл, зааврыг дээрээс зохицуулж өгнө. Тухайн үед гадаадад сэтгүүлчийн сургууль төгссөн нь би, бусад нь дотооддоо, Үнэн сонинд ажилласан туршлагатай нөхөд байлаа. Тэр үеэс надад яваагүй аймаг байхгүй, очиж үзээгүй сум ч бараг байхгүй. Миний бичсэн түүвэр номдХоньчин өвгөний хот дүүрэн” гэх мэт газар дээрээс нь хийсэн олон мэдээ, тэмдэглэл, нийтлэл маань орсон байдаг юм.


-Та мэдээ, мэдээллийн сурвалжлагчаар ажиллахдаа “МОНЦАМЭ-гийн хурдан цагаан” хэмээн нэрлэгдэж олны танил болсон хүн. Энэ он жилүүдэд нийт хэдэн мэдээ, мэдээлэл нийтлүүлсэн, багцаа байна биз?


-За багцаагаар 60-аад мянган мэдээ бичсэн гэж байдаг. Гэхдээ би бүр хожим 1974 оноос л мэдээгээ цуглуулж эхэлсэн гэхээр 1958-1974 он хүртэл 16 жилийн мэдээ нь дутуу л байгаа хэрэг шүү дээ. 




-Москвад сургууль төгсөж ирээд, та МОНЦАМЭ-д хуучин албандаа очсон уу?                           


-Тийм ээ, Москвагаас ирээд МОНЦАМЭ-гийн мэдээний жинхэнэ төрөлжсөн сэтгүүлч болж байлаа. Мэдээ гэж юу болохыг хойно заалгаж, өөрийн мэдлэг, туршлагаа улам бататгаад мэдээгээр дагнасан хүн болсон. Товч мэдээ, дэлгэрэнгүй мэдээ, тайлан мэдээ гээд мэдээний бүх төрлөөр бичдэг байлаа. Хүн нэг юманд дурлах, өөрөө дурлаж байж юмыг хийх маш сайхан. Дургүй бол өнөөтхөө яаж хийх вэ, чадахгүй шүү дээ.


-Тухайн үед сурвалжилга хийх бүрэн эрхийг МОНЦАМЭ-гийн сурвалжлагчид төрөөс тусгайлан олгож байсан гэдэг? 


ОНЦАМЭ-гийн сурвалжлагч бол Монголын бүх газар нутагт хаана ч орж, албан газар, үйлдвэр гээд бүгдийг сурвалжлах эрхтэй гэсэн тэр үеийн хуруу зузаан улаан үнэмлэх надад одоо ч хадгалаастай байгаа. МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойгоор би та нарт түүнийг өгнө. Надад л ганц байгаа үнэмлэхийг түүх дурсгал болгоно биз. Нэгдүгээрт тэр үнэмлэх ямар ч газраар ороход саадгүй байсан болохоор МОНЦАМЭ гэдэг нэр их түгэн, дэлгэрсэн дээ. Тэр үед МОНЦАМЭ гэдэг ганц үг, хүний нэр шиг л содон байлаа. Бүр тухайн үед МОНЦАМЭ гэж нөхөр надтай хамт цэрэгт байсан юм. Овоо сахилга баттай нөхөр байсан, одоо их л бичдэг болж гэсэн яриа олны дунд түгсэн нь үнэхээр бодитой юм шүү. Би мэдээ бичнэ, редакц түүнийг аваад радиогоор нэвтрүүлнэ. Үнэн сонинд МОНЦАМЭ нэрээр л гарна. Харин би өөрийнхөө бичсэнийг дандаа хайчилж аваад хадгалж авдаг байлаа. Сүүлд харин ном хийхэд энэ их хэрэг болсон. Ер нь бичсэн юмныхаа нэг хувийг заавал хадгалж явах нь зүйтэй юм билээ.


-Улсын баяр наадмыг та бас олон жил сурвалжилсан юм билээ. Яг хэдээс хэдэн оны Үндэсний баяр наадмыг сурвалжилж байв?


-Би 1955-оноос 1980 он хүртэл л наадамд сурвалжлагчаар ажиллахдаа голдуу хурдан морийг их сурвалжилсан юм байна. За тэгээд бөх, сур гээд явж л байлаа. Ер нь спортын уралдаан, тэмцээнийг ч залуудаа сурвалжилдаг байлаа. Харин манай спортын сурвалжлагч Б.Зоригт надаас спорт, биеийн тамирыг авч миний ачаанаас хөнгөлж өгсөн. Олон ч наадмыг сурвалжилж, үе үеийн уяачид, бөхчүүд, сур харваачидтай уулзсан даа.




-Та олон шавьтай байсан уу?


-Өө тэгэлгүй яахав, Батболд /Радиод байсан/ гэж нөхөр байна. Монголын радиогийн Ж.Навчаа, манай Б.Цэрэннамжил, Б.Зоригт гээд цаг үе мэдээллийн болон дотоод мэдээний үе үеийн олон залуу байгаа даа.   


-Харин яг хэдэн оноос сонин хэвлэлд мэдээ бичиж, нийтлүүлж эхэлсэн бэ? 


-Миний хувьд 1948 оноос “Үнэн”, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр”, “Улаан Од”, “Утга зохиол”, “Улаанбаатарын мэдээ”, “Пионерийн үнэн”, “Найрамдлын зам”, “Монголын эмэгтэйчүүд”, “Намын амьдрал”, “Шинжлэх ухаан, амьдрал”, “Монголын залуучууд” зэрэг сонин сэтгүүл, Монголын радио, Монгол телевиз гэсэн мэдээллийн байгууллагуудад цаг үеийн мэдээ, сурвалжилга, тэмдэглэл, тойм, тайлбар, өгүүлэл, ярилцлага, найруулал бичиж, нэвтрүүлж, нийтлүүлжээ.

МОНЦАМЭ агентлаг болон Монголын радиод тоймч сурвалжлагч, хариуцлагатай редактор, редакторын албыг 35 жил гүйцэтгэхдээ Монгол Улсын хөдөө аж ахуй, үйлдвэр, барилга, тээвэр, холбоо, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүлийг хамгаалах, шашин, байгаль орчин, уул уурхай зэрэг улс ардын аж ахуйн бүх салбарыг хамарч, тэнд ажиллаж байсан малчид, тариаланчид, ажилчин, сэхээтэн хөдөлмөрчдийн ажил үйлс, амьдрал тэмцэл, ажлын туршлага, тэдний алдаа оноо, ололт амжилтыг сурвалжлан бичиж мэдээлдэг байснаа эргээд дурсахад сайхан байна. Аливаа үйл явдлаас хоцрохгүй үнэнийг тусган өгүүлэх нь сэтгүүлч, сурвалжлагч, зохиолч хүний эрхэм үүрэг гэж ямагт итгэж, зүтгэж, хичээж явлаа.   


-Монгол Улсын нам, төрийн тэргүүний албыг 40 гаруй жил хашсан Ю.Цэдэнбал даргын "гарын сурвалжлагч"-аар та олон жил ажилласан. Энэ тухай дурсана уу?  


-Надад нам, төр их итгэсэн байгаа юм. Тухайн үед МОНЦАМЭ-гийн нэрээр Засгийн газарт орох үнэмлэхийг ганц надад л өгсөн байдаг. Би тэр үнэмлэхээ 20 хэдэн жил үзүүлж явлаа. Би Ю.Цэдэнбал даргыг 28 жил дагаж сурвалжилсан юм билээ. Эх орон дотроо хаашаа л явна, тэр газар руу би л дагаж явдаг байлаа. Бал дарга миний мэдээг үзээд за болжээ болж, энд нэг таслал гэх мэтээр хэлнэ. Тэр мэдээг заавал үздэг. Ялангуяа “Новости Монголии”  сонинг өглөө бүр уншина. Тэгээд зөвлөгөө өгнө. Мэдээ уншиж байхдаа хүний нэрийн өмнө нь цэг тавьдаг хүн байж билээ.


-Бал даргатай хилийн чанадад хамт явж байв уу?


-Би Ю.Цэдэнбал даргатай гадаад улсаар нэг ч удаа хамт явж үзээгүй. Харин агентлагийн томилолтоор Орос, Казахстан, Тажикистан, Эстон, Польш, Герман, Болгар, Чехословак зэрэг бараг бүх социалист орноор явж байлаа.




-Та мөн Монголд айлчилж байсан гадаадын улс төр, нийгмийн болон алдар цуутай хүмүүстэй уулзаж, сурвалжилж байсан тохиолдол зөндөө байх шүү?


-Тийм шүү. 1958-1990-ээд он хүртэл гадаадын зочид, төлөөлөгчид Монголд албан айлчлалаар ирэхэд нь тэр бүрийг би дагаж сурвалжилдаг байлаа. Сансрын нисгэгч, ЗХУ-ын баатар Герман Титов сэргэлэн авхаалжтай, их найрсаг хүн байсан. Мөн анхны  эмэгтэй сансрын нисгэгч, ЗХУ-ын баатар Валентина Терешковаг бас сурвалжилж, уулзаж явлаа. Энхтайвны Нобелийн шагналтан, 14 дүгээр дүрийн Далай ламыг би 8 удаа сурвалжилсан юм байна. Далай лам Данзанжамц их даруухан, маш зөөлөн дуутай, хүнийг сугадаж, хүндэлж харьцдаг хүн байж билээ. Түүнийг анх ирэх үед бараг дагалдагчгүй мэт л байсан. Нэг англи хэлтэй залуу, бид хоёр л хамт явдаг байсан. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Энлайг Монголд ирэхэд дагаж сурвалжилж байлаа. Бас БНАСАУ-ын удирдагч асан Ким Ир Сен Монголд айлчлахдаа өөрийн сандал, ортойгоо ирдэг их л сонин, содон хүн байсныг тодхон санаж байна. Тэр үеийн социалист орнуудын төрийн тэргүүнүүд болох Л.И.Брежнев /ЗХУ/, Эрих Хонеккер /Герман/, Иосип Броз Тито /Югослав/, Густав Гусак /Чехословак/, Тодор Живков /Болгар/, Николае Чаушеску /Румын/, Янош Кадар /Унгар/ нарыг манай улсад айлчлахад сурвалжилсан юм байна.




- МОНЦАМЭ агентлагт хамт ажиллаж байсан нөхдөө эргэн дурсвал мөн ч олон хүн байгаа даа?


-МОНЦАМЭ агентлагийн Зундуй дарга гэж орос хэлдээ гаргууд сайн, бас их чамбай хүн байсан. 1957-1963 он хүртэл МОНЦАМЭ агентлагийн дарга байж байгаад “Үнэн” сонинд очсон юм. Энэ хүн Монголын радиог ёстой хөл дээр нь зогсоосон хүн дээ. Түүнтэй би их гар нийлж ажилласан. Намайг мэргэжлийн талаар их юманд сургаж өгсөн хүн. Эргээд одоо харахад, би мэдээллийн МОНЦАМЭ агентлагт 1958 оны 7 дугаар сарын 7-нд орж 1993 оны 7 дугаар сарын 7 хүртэл яг 35 жил мэдээллийн шуурхай албаны сурвалжлагчаар бат тогтвортой ажиллажээ. Энэ хугацаанд Монголынхоо үе үеийн их олон шилдэг сурвалжлагч, сэтгүүлч, орчуулагч, тоймч, нийтлэлч, зохиолч, дарга, ажилтнуудтай ажиллаж байсан. Их зохиолч Б.Ринчен, Ч.Чимид, Б.Явуухулан, Ц.Гайтав, М.Ширчинсүрэн гээд олон алдартнуудтай хамт энэ салбарт зүтгэж байжээ. Дарга нараас дурдвал, С.Жалан-Аажав, С.Пүрэвжав, Л.Зантав, Г.Балдандорж, Ч.Эрдэнэ, Б.Пүрэвдаш, Г.Адьяа, З.Түмэнжаргал, П.Эрдэнэ, О.Цэрэндорж, Д.Цэрэндагва, Д.Чимэддорж, Т.Галдан, Г.Дугар, Ш.Лувсандорж, С.Баяр, Т.Далхсүрэн, Д.Дэнсээхүү, Н.Дорж, Б.Бямбаа байна. За бас Д.Дэмбэрэл, М.Жүгнээ, Рэнцэндаваа, Рэгжидмаа, Цэвээндулам, Б.Зоригт, Ж.Үнэнбат, Ш.Батмөнх, Б.Цэрэннамжил, Д.Рэнцэннямбуу, Л.Цогтоо, Б.Ёндон, Д.Лхагвадорж нартай олон жил нэг өрөөнд хамт ажилласан.

Мөн Ч.Чимэд, Д.Абмад, П.Чойжил, Ш.Санлаг, Р.Цэрэндаш, Ж.Дамдиндорж, Г.Ёндон, Н.Намжилдорж, Ц.Доржсүрэн, Д.Гомбожав, Г.Аюур, Д.Батсүх, Ч.Чагдар, Х.Чулуунгомбо, Ш.Нэмэхбаяр, Ц.Шагдар, Д.Дүнгэр-Яйчил, Ч.Төмөр, О.Адьяа, Я.Ламжав, Д.Жадамбаа, Б.Шагдар, Д.Дүгэр, Д.Базарваань, Д.Дашзэгвэ, Х.Оюун, Н.Даваа, Я.Сүхбаатар, Ц.Даваажав, Г.Пүрэвсамбуу, Р.Ганбат, Б.Долгион, Ч.Бүрэнбаяр, А.Доржсүрэн, гэрэл зурагчин Б.Сүхээ, Б.Нина, Б.Улиатайхүү, Д.Бүрнээбаатар, Д.Самдан, С.Батсүх, Д.Нямхүү, Рэнцэндорж, И.Чулуун. Р.Энхбат, Д.Цэрэннадмид, холбоочин 2 Тэрбиш, Хаян, С.Дугаргарамжав, Цэнд-Аюуш, Чомбожасрай, Доной, Зундуй, Р.Гантөмөр зэрэг ахмад болон дунд, залуу үеийн олон хэлний шилдэг орчуулагч, сэтгүүлч, зохиолч нөхөдтэй МОНЦАМЭ гэдэг мэдээллийн цөм болсон ууган байгууллагад хамт ажиллаж байснаа дурсан бодоход үнэхээр сайхан шүү.




-Та МОНЦАМЭ агентлагаас тэтгэвэртээ гарчихаад бас олон жил хэвлэл мэдээллийн ажлаа эрхлээд явсан байх шүү? 


-МОНЦАМЭ намайг 65 нас хүртэл хажуудаа авч явсан даа. Тэгээд би 1993 онд тэтгэвэртээ гараад Өв уламжлал хөдөлгөөнийг санаачлагчдын нэг болж “Ахмад үе” гэж сонин гаргаж, ахмадуудынхаа тухай сурвалжлан таниулах ажилд 81 нас хүртлээ зүтгэсэн. Өнөөг хүртэл би нийтдээ төр улсдаа 56 жил зүтгэж ажиллах шив дээ. Одоо удахгүй 14 дэх номоо гаргахаар бэлэн болгоод байгаа. Миний номд орсон бүхэн л түүх өгүүлнэ, бас надтай өнгөрсөн он жилүүдэд учирсан бүхний дурсамж, миний ажил, амьдралын зам мөр юм даа.




-Энэ сайхан өндөр насыг насалж, эрүүл саруул яваагийн тань нууц юу байна?


-Би ажил эрхэлсэн энэ хугацаанд нэг ч удаа өвчилж, эмнэлэгт хэвтэж, эмчийн акт магадлагаа авч байгаагүй. Бие эрүүл чийрэг, ухаан санаа саруул байгаадаа бахархаж явдаг хүн. Үүний гол нууц нь байнгын хөдөлгөөн. Багаасаа мал маллаж, биеийн тамир оролдож ирсний дээр өглөө бүр хүйтэн хагас литр ус ууж, дасгал хийх, бас урин дулааны улиралд 10-аас доошгүй км гүйж, алхаж байсны ач тус юм болов уу гэж боддог. Бас зүгээр байхгүй Алтангэрэл судар уншина. Өдөрт заавал нэг хуудас, бүр багадаа 5-10 мөр уншдаг юм. Ой санамжаа сэргээж байгаа хэрэг. 




Ташрамд сонирхуулахад, Г.Баатарчулуун 1968 онд Москвагийн Улсын Их сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр төгсөхдөө дипломынхоо ажлыг "БНМАУ-ын цахилгаан мэдээний агентлаг" гэсэн сэдвээр хамгаалсан юм. Тэр уг дипломын ажилдаа 1921 оны 3 дугаар сарын 19-нд МОНТА буюу МОНЦАМЭ агентлагийн анхны мэдээг хилийн чанадад илгээсэн ОХУ-ын иргэн И.Г.Демко гэдэг хүний дурсамжаас чухал эх сурвалжийг авч үлдсэн нь өдгөө МОНЦАМЭ-гийн түүхэнд үнэлж баршгүй түүхэн баримт болсон билээ. 


Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат Гажидын Баатарчулуун хэмээх өвгөн бичээч, ахмад сэтгүүлч маань 1948 оноос Улаанбаатар хотдоо оршин суугаа нийслэлийн ууган иргэн билээ. Тэрбээр одоо гэргий Норзодын Нямаа /хэл, уран зохиолын багш/ болон 4 хүүхэд, 10 гаруй ач, зээгийнхээ хамт өнөр өтгөн, аз жаргалтай, сайн сайхан амьдарч байна.


                                                                                                                                                                                           С.Туул


                                                                                                                                                     Гэрэл зургийг Б.Чадраабал

                                                                                                                                         

Холбоотой мэдээ