МАН-ын бага хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-01 11:03:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын долоодугаар бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Тус хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм. 

Хурлыг нээж МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр, "Төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-ын найм дахь удаагийн сонгууль амжилттай болж өндөрлөлөө. Улс төрийн ууган хүчин МАН-д итгэж, бидний мөрийн хөтөлбөрийг дэмжиж УИХ-д нэр дэвшүүлсэн 76 хүнээс 62-ыг нь сонгож итгэл хүлээлгэсэн Монголынхоо ард түмэн, намын гишүүд, дэмжигчдэд талархал илэрхийлье. Одоо бидэнд ард түмнийхээ итгэл найдварыг хариулах үлдэж байна. Маш хариуцлагатай ажиллаж, эхлүүлсэн ажлаа дуусгах ёстой. Ард иргэдийнхээ ажил амьдрал, хөгжил дэвшлийн төлөө улс төрийн ууган нам бүхий л хүчээ дайчлан ажиллана гэдгийг онцолж хэлмээр байна" хэмээв. 

Ингээд МАН-ын бага хуралд танхимд 189, хөдөө орон нутгаас цахимаар 97 гишүүн оролцож Бага хурлын нийт гишүүний 87.5 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

Хурлын даргалагчаар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Амарбаясгалан, орлогчоор, УИХ-ын гишүүн, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн М.Оюунчимэг нарыг сонголоо. 


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ