МАН-ын бага хурлаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-01 12:11:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын өнөөдрийн долоодугаар бага хуралдаанаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар нэр дэвшүүлэхийг 100 хувь дэмжлээ.


УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, УИХ-ын сонгуульд олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр заажээ. Энэ дагуу МАН өнөөдрийн бага хурлаар Ерөнхий сайдад тус намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлж дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ. 


МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, "Монголын ард түмэн 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар  МАН-ын дарга У.Хүрэлсүхийг багаар нь дэмжиж сонгосон. Энэ хүндтэй сонголтыг МАН-ын бага хурлаар баталгаажуулж, Ерөнхий сайдаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоол баталлаа. МАН-ын дарга, нийт гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна. МАН-ын хувьд ялалт гэхээс илүүтэй маш их хариуцлага ирлээ гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн ажлаа шуурхайлж шударга ёсыг тогтоох, төрийн албаны хүнд суртлыг арилгах, нийгэм, эдийн засагт тулгараад буй олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно. Ирэх дөрвөн жил Монгол Улсын хамгийн хүндрэлтэй асуудал болох 2.9 тэрбум ам.долларын өрийг тэглэх хариуцлага ногдож байна. Мөн цар тахлаас болж хөгжиж буй орнуудад учирч буй хүндрэлийг даван туулах, иргэдийнхээ орлого, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх зэрэг олон ачаалал бидний өмнө бий. Үүнийгээ ухамсарлаж хамтдаа багаараа ажиллахаа илэрхийлж байна" хэмээв. 


У.Хүрэлсүх нь 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.  Монгол Улсын одоогийн буюу  30 дахь Ерөнхий сайдаар 2017 оны 10 дугаар сард томилогдсон.  Тэрээр 2004-2008, 2012-2013 онд УИХ-ын гишүүн, 2014, 2016 онд Шадар сайдаар хоёр удаа томилогдон ажиллаж байсан. Мөн тэрээр НҮБ-ын Манлайлагч төрийн түшээ өргөмжлөл, спортын мастер, бэлтгэл хурандаа цолтой.

Холбоотой мэдээ