Токиогийн дээгүүр солир нисэж өнгөрчээ

Дэлхийд | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2020-07-02 14:37:24

ТОКИО. /TASS/. Өнгөрсөн шөнө Токио болон түүний ойролцоох бүсийн оршин суугчид солир өнгөрснийг ажиглах боломжтой байсан бөгөөд тэдний олонх нь дэлбэрэлт шиг чимээ сонсжээ. Эрх баригчид энэ үзэгдлийн талаар мэдээлэл цуглуулж байна гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга нийслэл хотдоо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.


“Ийм мэдээлэл гарсныг бид мэдэж байгаа. Бид одоо энэ талаар мэдээлэл цуглуулж байна. Одоогийн байдлаар хохирол бүртгэгдээгүй" гэж тэрбээр хэлжээ.


Японы твиттер хэрэглэгчид бөмбөг шиг хэлбэртэй тод гэрэлтэх биетийн дүрс бичлэгийг нийтэлжээ. Тэд мөн шөнийн 2 цаг 30 минутын орчимд дэлбэрэх чимээ сонсогдож, зарим байшингийн цонх доргиж байсан гэж ярьсан байна.


Японы дээгүүр солир нисэж өнгөрдөг үзэгдэл сард хэд хэдэн удаа бүртгэгддэг гэж тус улсын одон орны ажиглалтын газар мэдээлжээ. Гэхдээ агаар мандалд дэлбэрэх чимээ хүмүүст сонсогдох нь маш ховор үзэгдэл аж.

Холбоотой мэдээ