Аялж зугаалахдаа байгаль орчинтойгоо зүй зохистой харьцахыг сануулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-07-03 16:37:14

Увс /МОНЦАМЭ/. Урин дулааны цаг ирсэнтэй холбогдуулан ард иргэд аялал зугаалгаар явахдаа байгаль орчинтойгоо зөв боловсон харьцахыг Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас зөвлөж байна.

Тухайлбал, аялал, зугаалгаар явахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль дүрэм, журмыг чанд мөрдөж, байгаль хамгаалагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн, зөвхөн зөвшөөрөгдсөн жуулчны бааз, отоглох цэгт хоноглон дотоод журам, санамжийг дагаж маршрут, зөвшөөрлийн дагуу аливаа аялал, үйл ажиллагааг зохион байгуулахыг анхааруулж байна. Тэрчлэн нутгийн ёс заншил, шашин шүтлэг, уламжлалт зан үйлд хүндэтгэлтэй хандаж, түүх соёлын дурсгалыг хөндөж гэмтээхгүй байх, зөвшөөрөгдөөгүй газарт ил задгай гал түлэхгүй байх, ховор ан амьтдыг үргээхгүй, агнахгүй, зохисгүй зүйлээр хооллохгүй байх, ил задгай бие засахгүй, байгаль орчин бохирдуулахгүй байхыг санууллаа.

Гадаад, дотоодын аялагчид тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн тасалбарыг төлж орох ёстой бөгөөд дотоодын аялагчид 300 төгрөг, гадаадын аялагчид 3000 төгрөг төлдөг байна. Энэхүү хураамжийг Увс нуурын хөвөөнд орших харуулын байраараа дамжуулан зөвхөн зуны гурван сард авдаг юм.

 

Холбоотой мэдээ