Эрдэнэбүрэн сумын малчидтай уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-08 10:29:25

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ажиллаж, малчидтай уулзлаа. 


Т.Хашбаатар: Малын ү
үлдэр угсааг сайжруулахад анхаардаг

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин Т.Хашбаатар, түүний гэргий Д.Атарцэцэг нар энэ жил “Аймгийн аварга малчин” цол хүртсэн юм. 

Малчин Т.Хашбаатар 1996 оноос эхлэн мал маллаж байна. 2000 онд анх гэр бүл болж, өрх тусгаарлахдаа 100 орчим малтай байсан. Өдгөө мал сүрэг нь өсөн үржиж 1100 гаруй тоо толгойд хүрээд байна. Энэ жил 400 гаруй төл авчээ.

Малчин Т.Хашбаатар гэр бүлийн хамтын хүч, хөдөлмөр, буурлуудын ачит сургаал, туршлагын үр дүн энэхүү шагналыг  хүртсэн хэмээн талархал илэрхийллээ. Мөн мал маллахдаа үүлдэр угсааг сайжруулах, ашиг тусыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж ирсэн хэмээн ярьж байлаа.


С.Нямдаваа:
Малын тарга хүч, жингийн үзүүлэлтээр сүүлийн гурван жилийн хугацаанд  манлайлж байна

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин С.Нямдаваа, түүний гэргий Н.Отгонхишиг нар энэ жил “Аймгийн аварга малчин” цол хүртсэн. 

Малчин С.Нямдаваагийн гэр бүл 1992 оноос хойш мал маллаж байна. Хоёр талаас малч удамтай эдний гэр бүл анх аав, ээжээс хайрласан 60 гаруй тоо толгой малтай байсан. Одоогоор мал сүрэг таван төрөл дээрээ өсөн үржиж 1000 гаруй тоо толгойд хүрээд байна.

Эднийх зэргэлдээ Говь-Алтай, Увс аймгаас хуц, ухна авч сүргийн бүтцийг сайжруулах замаар малын тоонд бус чанарт анхаарч ажиллаж байна. Үүний үр шимээр Эрдэнэбүрэн сумын баялаг бүтээгчдийн өдөрлөгийн хүрээнд зохион байгуулдаг “Шилмэл мал” уралдаанд эцэг мал нь тарга хүч, жингийн үзүүлэлтээр сүүлийн гурван жилийн хугацаанд манлайлж байгаагаараа онцлогтой.

Эргэх дөрвөн цагийн аясаар бэлчээрийн шимийг даган нүүдэллэж, эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөн үржүүлж яваа эрхэм малчдад ажлын амжилт хүсье. 

Холбоотой мэдээ