Л.Цэрэнханд: Кубын Засгийн газрын тэтгэлэг нь манай сургуулийн үнэт зүйл, нэр хүнд юм

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-07-07 10:01:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар дунд сургууль тэртээ 47 жилийн өмнө АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Куба улсын үндэсний баатар, яруу найрагч Хосе Мартийн нэрэмжит болж байв. 

Энэ нь тухайн үеийн социалист орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, Монгол, Кубын ах дүүгийн найрамдалт харилцааг улам хөгжүүлэх зорилгоор 2 орны хамтын ажиллагааны бэлгэдэл болгож байв.



Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Хосе Мартийн нэрэмжит 52 дугаар сургуулиас өнөөдөр жил бүр 1-2 хүүхэд Куба улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад мэргэжил эзэмшиж байна. Энэ талаар бид сургуулийн захирал Л.Цэрэнхандтай уулзан тодруулахад, "Куба улсын Засгийн газрын тэтгэлгээр манай сургуулиас хамгийн анх суралцсан сурагч бол “Монгол HD” телевизийн "Өглөө" хөтөлбөрийн хөтлөгч Б.Мандуул юм. Тэрээр Куба улсын Хавана хотын Биеийн тамир, спортын их сургуулийг сагсан бөмбөгийн дасгалжуулагч, спортын сэтгэлзүйч мэргэжлээр 6 жил суралцаж төгссөн. Түүнээс хойш манай сургуулиас 12 сурагч БНКУ-д суралцаад байна" гэв. 

Тэрээр нэмж хэлэхдээ, "Кубын Засгийн газрын тэтгэлгээр манай хүүхдүүд тус улсад суралцаж, ийм тэтгэлгийг манай сургуульд олгож байгаа нь манай сургуулийн хувьд хамгийн том давуу тал, үнэт зүйл, нэр хүнд юм. Жишээ нь, Куба улсад эмчийн мэргэжлээр сурна гэдэг дэлхийн хэмжээний хүн болно гэсэн үг. Энд сурагчдийнхаа өмнөөс маш талархаж явдаг" хэмээн онцолж байв. 

Тус сургуулийн хамт олон жил бүрийн нэгдүгээр сарын 28-нд сургуулийнхаа нэрэмжит хүн, Кубын соён гэгээрүүлэгч Хосе Мартийн төрсөн өдрийг Монгол Улсад суугаа Куба улсын ЭСЯ-тай хамтран тэмдэглэдэг уламжлалтай болжээ. Энэ талаар сургуулийн захирал Л.Цэрэнханд хэлэхдээ, "Өнгөрсөн онд Кубын Үндэсний баатар Хосе Мартийн мэндэлсний 166 жилийн ой тохиож, манай сургуулийн хамт олон, сурагчид тус ойг 3 дугаар сарын 1-нд Монгол Улсад Куба улсаас суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионтой хамт тэмдэглэсэн.  Ахлах ангийн сурагчдийн дунд зохион бичлэгийн, дунд ангийн сурагчдийн дунд дууны, бага ангийнхны дунд зургийн уралдаан зохион байгуулсан. 

Кубын Элчин сайд уралдааны ялагчдад өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулж, ёслолын баярт хүрэлцэн ирсэндээ сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлсэн. Энэ өдөр бол манай сургуулийн нэрэмжит хүний түүхэн, өндөр ач холбогдолтой өдөр байдаг тул бид жил бүр шинэлэгээр тэмдэглэхийг хичээдэг. Манай сургуулийн байрны 2 давхарт Хосе Мартигийн нэрэмжит булан бий. Бид болон хүүхдүүд маань түүний нэрэмжит сургууль гэдгээрээ маш их бахархдаг" гэсэн юм. Тэрээр, "Манай сургууль 1972 онд байгуулагдаад жил өнгөрч байхад Хосе Мартийн нэрэмжит болж байсан түүхтэй" гэв.  


Тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болон хавар болдог эрдмийн баяраар БНКУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсион жил бүр ирдэг байна. Мөн тус ЭСЯ-наас Кубын тусгаар тогтнолын өдөр болон Кубын удирдагч Федиаль Кастрогийн өдрөөр ирж цэцэг өргөдөг. Энэ өдрийг угтсан үйл ажиллагааг сургуулиас зохион байгуулдаг байна. 

Хосе Марти нь Кубын их соён гэгээрүүлэгч, испани хэлтнүүдийн уран зохиолын салбар дахь модернизмыг үндэслэгчдийн нэг байв. Тэрээр дөнгөж 40 насыг наслахдаа олон роман, жүжиг, өгүүллэг, шүлэг, найруулал, улс төрийн өгүүлэл, илтгэл, яриа, захидал тэргүүтэй 27 боть бүтээл туурвижээ. Үүний дотор “Исмаэльо”, “Чөлөөт шүлгүүд”, “Жирийн шүлгүүд”, “Алтан үе” зэрэг зохиол байдаг. Түүний бичсэн олон арван шүлэг монгол хэлнээ бууж, Монголын ард түмний хүндэтгэлтэй, танил зохиолчийн нэг болжээ. Түүний зохиосон “Алтан үе” ном Монголд гарч, дахин хэвлэгдсэн байна. Нэрт уран бүтээлчийн нэрэмжит 52 дугаар сургуулийн удирдлага, хамт олон сурагч хүүхдүүдийнхээ дунд Хосе Мартигийн шүлгийг уншиж цээжлэх уралдааныг тогтмол зохиодог байна. 



Хосе Мартийн мэндэлсний ойн үеэр болдог яруу найргийн баяр, зохион бичлэгийн уралдааны үеэр Монгол-Кубын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Мамба дацан хийдийн Билгүүн номч, Хамба лам Д. Нацагдорж Хосе Мартийн “Алтан үе” номны талаар хүүхдүүдтэй ярилцаж, номны шүлгийг нь уншиж өгөн тэмдэглэжээ.

Хосе Мартийн нэрэмжит нийслэлийн 52 дугаар сургуулийн хамт олон Монгол Улсын тэргүүний сургуулиудаас чанарын үнэлгээгээрээ топ 10-ын нэгд ордог. Тус сургуулийн хамт олон Олон улсын математикийн олимпиадын хүрэл медальт, нэрт математикч П.Энхболд зэрэг олон арван төгсөгчдөөрөө бахархаж байдаг. Монгол Улсын Гавьяат багш, хүүхдийн дууны хаан, хөгжмийн зохиолч Л.Галмандах агсан тус сургуульд багшилж, "Нарны дуулал" хамтлагийг байгуулж байсан юм. Тус сургуулийн сурагчид сагсан бөмбөгийн улсын аварга болж, хөлбөмбөгийн олон улсын хүрэл медаль хүртэж байсан, мөн хоккейн багтай, онцлох олон зүйлтэйг сургуулийн захирал өгүүлсэн юм.

Б.Содгэрэл

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ